Хулгайн томоохон бүлгийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-03 13:36:58

Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид 50 гаруй үйлдэлд холбогдох хулгайн гэмт хэрэг хийсэн бүлэг этгээдийг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байна.

Уг хэрэгт сэжигтнээр М, Б, Д, Ө, О гэх этгээдийг  баривчилж шалгалтын ажиллагаа эхлүүлжээ. Дээрх этгээдүүд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор БЗД-ийн 9, 23, 28, 20, 11 хороо СБД-ийн 20, ЧД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч удаа дараагийн үйлдлээр LCD зурагт, зөөврийн компьютер, алт, мөнгөн ээмэг бөгж, эдлэл, хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсныг эхний шалгалтаар тогтоосон байна. Одоогоор хулгайн 50 гаруй үйлдэл илэрчээ. Сэжигтнээр татагдан шалгагдаж буй М, Б, Д нар  өмнө нь хулгай, танхайн хэргээр ял шийтгүүлж байсан аж.

Тэд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагджээ.  Эдгээр этгээдийн хулгайлсан 124 нэр төрлийн эд зүйлийг ломбард болон орон байрнаас нь хураан авчээ. Энэ хэрэгтэй холбогдуулан БЗД-ийн 9, 23, 28, 20, 11 хороо СБД-ийн 20, ЧД-ийн 18 хорооны нутаг дэвсгэрт халдагад өртөж эд зүйлээ хулгайд алдсан иргэдийг  БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хандаж гомдол гаргахыг Цагдаагийн газраас уламлжилж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ