“Нарантуул” захын хохирлын хэмжээг тогтоогоогүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-03 12:35:57

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс барааны тасагт шөнийн 03:00 цагийн үед гарсан гал түймрийг унтраахаар НОБГ-ын бүрэлдэхүүний 100, цагдаагийн 75 албан хаагч ажилласан талаар өнөөдөр ОБЕГ болон ЦЕГ-аас мэдээллээ.

Гал гарсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд ОБЕГ, ЦЕГ-ын алба хаагчид хамтран шалгалт хийж байгаа аж. Гал 5700 м2 талбай бүхий бөс барааны хэсэгт гарсан нь шатах материал ихтэй, шаталтын хурд өндөртэй байсан тул унтраахад ихээхэн хүндрэл учирчээ. Галын улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоогоогүй бөгөөд хамтарсан шалгалт дуусахад бүх зүйл тодорхой болно хэмээн ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү хэллээ.

ЦЕГ-ын Хэвлэл  мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү, “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Нарантуул худалдааны төвийг 3 хоног хаана гэсэн ташаа мэдээлэл гарсан байна. ЦЕГ-ын зүгээс хэргийн газарт шуурхай ажиллаж, шалтгаан нөхцлийг тогтоох зорилт тавин ажиллаж байна. Хэргийн газарт ажиллаж байгаа холбогдох албаны хүмүүсээс ОБЕГ-тай хамтран гал гарсан хэсгийг хэсэгчлэн хаагаад бусад газрыг нь хэвийн ажиллуулах боломжтой гэсэн мэдээлэл ирүүлсэн” гэв.

Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Гал цахилгаанаас болж гарсан байх магадлалтай юу. Тус хэсэгт цахилгаан монтаж байгаагүй гэсэн мэдээлэл байна?

-Одоо хэргийн газарт үзлэг явуулж байна. Яг юунаас болж гарсныг нь тогтоох болоогүй байна. Цахилгаан монтаж бий. Урд нь шалгалт хийхэд тус компани галын аюулгүй байдлыг хангаагүй байсан тул торгуулийн арга хэмжээ авч байсан. Үүнээс хойш тус байгууллага галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр анхааран ажиллах болсон. Гэхдээ тус худалдааны төвөөр өдөрт маш олон хүн үйлчлүүлдэг, хөдөл хөдөлгөөн ихтэй тул шинээр тавьсан зүйлс хурдан элэгдэлд орох тохиолдол бий.

-Хяналтын камер байсан уу?

-Хяналтын камер байсан. Одоогоор бүх бичлэгийг нотлох баримтаар хураан аваад байна. Удахгүй шинжээчийн дүгнэлт гарна.

-Өмнө нь бас гал гарч байсан. Дүгнэлтийг нь танилцуулах боломжтой юу?

-Өмнөх галын дүгнэлтүүд гараад прокурорт шилжсэн. Та бүхэн холбогдох байгууллагад нь хүсэлтээ гаргаад мэдээлэл авах боломжтой.

-Худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу твиттер хуудсандаа “Хэн гал тавьсныг нь би мэднэ” хэмээн бичсэн байсан. Энэ талаар мэдээлэл бий юу?

-Ш.Сайхансамбууд сэжиглэж байгаа хүн байж болно. Бид энэ талаар ч бас өөрөөс нь тодруулна. Хэрэгтэй холбоотой бүх баримт, сэжүүрээр шалгалт явуулна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ