Хөрөнгийн бирж хийсвэр арилжааны системийг нэвтрүүлж, ашиглалтанд орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-29 18:33:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж нь иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор демо буюу хийсвэр арилжааны системийг  нэвтрүүлж, ашиглалтанд орууллаа. 


Демо буюу хийсвэр арилжааны систем нь бодит мөнгөөр арилжаанд оролцож эхлэхээс өмнө хийсвэр мөнгөөр арилжаанд орж, үнэт цаасны арилжаанд оролцох дадлага хийх, хөрөнгөө өсгөх арга барилаа олоход туслах  систем юм.

Иргэд энэхүү системийг ашиглан өөрийн дансыг хүссэн дүнгээрээ цэнэглэж, МХБ-д бүртгэлтэй хувьцаануудаас сонгон тухайн өдрийн арилжааны бодит ханшаар худалдан авах эсвэл эргүүлэн худалдаж, холбогдон гарах брокерийн шимтгэлийг төлөх зэргээр МХБ дээр явагддаг бодит арилжааны туршлагыг олж авахаас гадна тус системийн  "Дансны шинжилгээ" функц нь таны хийсэн арилжааны ашиг, алдагдлыг өдөр бүр тооцоолж харуулах тул хөрөнгийн зах зээлийг сонирхогч бүх насны хүмүүс ашиглах боломжтой аж. Үнэт цаасны арилжаанд оролцох өөрийн дадлага, туршлагыг бий болгохоос гадна, тус системийг ашиглан тэмцээн уралдаан зохиох зэргээр ч ашиглах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Демо арилжааны системийг ашиглахын тулд, юуны түрүүнд системийн гарын авлагатайтанилцан http://orderbook.mse.mn/demo хаягаар бүртгүүлж, ажлын өдөр 10:00 – 13:00 цагийн хооронд арилжаанд оролцох боломжтой юм байна. 

Холбоотой мэдээ