Хуучин театрыг Зуунмод сумын Соёлын төв болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-10-28 19:12:12
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд нийт 680 хүний суудал бүхий “Монгол туургатан театр”-ын шинэ байр өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орлоо.

Нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат болон бусад албаны хүмүүс оролцов.


9.5 тэрбум төгрөгийн өртөгтэй тус театрын барилгын ажил 2014 оноос эхэлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Рендербау” ХХК барьж гүйцэтгэжээ. Театрын шинэ байр нийт 7112 м2 талбайтай, дуу, хөгжим, бүжгийн зориулалтын стандарт хангасан бэлтгэлийн заалууд ганцаарчилсан бэлтгэлийн өрөө зэрэг нийт 44 өрөө, танхимтай байна. Мөн 680 хүний суудалтай их танхимаас гадна 120 хүний суудал бүхий хоёр бага танхимаас бүрдэнэ.


Шинэ театрын тайз 360 м2 хэмжээтэй, эргэдэг тайз, хоор дуучдын болон хөгжимчдийн өргөгддөг  тавцан зэрэг сүүлийн үеийн стандартад нийц технологиор тоноглогдсон бөгөөд гэрэл, хөгжмийн техник хэрэгсэл нь хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжийг суурилуулсан гэдгийг албаныхан тодотгосон юм.  

Төв аймгийн соёлын ордны алтан тайзнаас Монголдоо алдаршсан олон авьяастан төрөн гараад зогсоогүй Монголоо дэлхийд дуурсгасан. Монгол түмний үнэт өв соёлыг тээж, бүтээж, хөгжүүлэх эрхэм зорилгодоо их амжилт олж, Төв сайхан нутагт зөв сайн залуусыг өсгөн хүмүүжүүлэх үйл хэрэгт шинэ театр үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ онцолсон юм.


Төв аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг “Одоо одоо байгаа театр 65 хүний бүтэц, орон тоотой ажиллаж байна. Шинэ театр ашиглалтад орсноор 30 хүний орон тоо нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ талаар бид ирэх оны төсвийн төсөлд тусгаж оруулсан. Үүнээс гадна Зуунмод сум зургаан баг, 17 мянган иргэнтэй учраас Соёлын төв, Соёлын ордон байх зайлшгүй шаардлага тулгарч  байна. Иймээс хуучин театрын байрыг соёл, урлагийн зориулалтаар ашиглах, тэр дундаа “Зуунмод сумын Соёлын төв” болгохоор бодлого барьж ажиллаж байна” гэв.


Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ