Хөрсөн доорх цэнхэр алтаа алдах вий

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2018-10-31 09:24:41

Өмнөговь /МОНЦАМЭ/. Цэнгэг нуураа тусгай хамгаалалтад авч үлдсэн гавъяатан

Би хүүхэд байхын л усанд ойрхон өссөн хүн дээ. Гэр хороололд амьдардаг байхдаа  усаа холоос зөөдөг байж билээ. Заримдаа усгүй болчихно. Хагас бүтэн сайндаа угаалга их хийдэг байсан болохоор өдөржин шахуу ус зөөдөг байсан хүүхэд нас минь нүдэнд харагдаж байна хэмээн Л.Батчулуун гуай санаа алдаж  ярьсан юм.

Бага наснаасаа усны үнэ цэнийг мэдэрч өссөн тэрээр өнөөдөр Балгасны улаан нуурыг хамгаалахын төлөө ард түмнийхээ талд тэмцэж явна. Говь нутагт усны хомсдол нүүрлэвэл юу болох билээ...

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга байсан түүний амьдрал үнэхээр л Балгасны улаан нууртай хувь заяагаараа холбогджээ. Түүнтэй ижилхэн бодолтой олон мянган иргэн өнөөдөр цэнгэг усны  энэхүү нөөц ордын ирээдүйд санаа зовж явдаг.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс цэнгэг усаа хамгаалах зөвлөмж гаргаснаар нуурыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч үлдсэн гавъяа Л.Батчулуун болон түүний хамтран зүтгэгчдэд илүү хамаатай гэж хэлэх хүмүүс ч бий.   

-Балгасны улаан нуур бол хойч үедээ авч үлдэх ёстой амин эрдэнэ гэж Та ярьдаг. Гэтэл говь нутагт үйлдвэрлэл явагдаж байж хөгжил ирнэ гэж үздэг хүмүүс олон бий. Та санал нийлэх үү? 

Ил байдаг газрын гадаргын ус булаг шанд олноороо ширгэж ойр орчин нь гундаж хүн малын ундны усны хэрэглээ дутагдаж байгаль орчин доройтож байгаа үзэгдэл говь нутаг гэлтгүй хангайд ч ажиглагдах болжээ.

Санаа зовоод суухгүй байхын аргагүй болж байна. Үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болж баялаг бүтээж буй сайн тал байвч байгаль орчин түүн дотор усны үйлдвэрлэлийн хэрэгцээг хязгаарлах нь амьд организмд тустай.

Балгасны улаан нуурын хувьд хойч ирээдүйгээ усаар гачигдуулахгүй хадгалах хэрэгтэй амин чухал эрдэнэ гэж боддог.

-Энэ нуурыг Баруун наран, Эрдэнэс Таван толгойн нүүрсийг угааж, баяжуулахад  ашиглах сонирхолтой хүмүүс  бий шүү дээ?  

Ер нь газрын гадаргын болон гүнийг усыг уул уурхайд ашиглах нь муу үр дагавартай. Доод цэрдийн хужирлаг усыг ашиглах талаар уурхайнууд бодох л хэрэгтэй. Иймээс үйлдвэрлэлд аль болох усыг бага хэрэглэж шинэ технологи нэвтрүүлэх талаар сэдэв гарах бүрт өөрийн саналаа хэлж л явна.

Их хураласгийн газар ч говь руу ус татах асуудалд хойрог байгаа гэж би боддог. Ганц гишүүний хэлсэн үгээр олны эрх ашиг хөндөгдөж говь руу ус татах ажил удааширч  байна. Дэлхийн банкны төслөөр Орхон говийн илүүдэл жаахан усыг уул уурхай руу татчихвал нэг хэсэгтээ говийн эко системд аюул багатай юм даа.

Бидний дунд хэсэгхэн  зуурын  энгийн яриа болсон юм.  Гэхдээ түүний үг Балгасны улаан нуурын тухай дуулиан дэгдсэн энэ өдрүүдэд нэгийг бодуулж, хоёрыг сануулах. Цахим ертөнцийнхний дунд ч нуурын хувь заяатай холбоотой мэдээлэл  хөвөрсөөр. Мэргэжлийн хүмүүс, улс төрчид, сэтгүүлчид, нийгмийн сүлжээнд автагсад гээд бүгд л энэ нууртай холбоотой мэдээлэлд өөр өөрийн байр сууриа хурцхан илэрхийлж байна.

“Гал асч” дахин айдас хурсан нь....


Говь нутгийнхан газрын гүнээс хэрэглээний болон ундны усаа авч хэрэглэдэг  бөгөөд өнгөн хөрсний усаар суурин газар болон бэлчээрийн мал аж ахуйгаа бүрэн хангах боломжгүй билээ. Тиймээс ч эртнээс газрын гүн дэх их уснуудаа нуур хэмээн нэрийдэж ирсэн түүхтэй. Үүний нэг нь буюу Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын ундны усны нөөц гэгдэх Балгасны улаан нуур.

Энэхүү ус нь говьд ховор цэнгэг ус гэдгээрээ алдартай. Энэ оны дунд үеэс цахим ертөнцөөр Балгасны улаан нуураа алдах нь гэх мэдээлэл дуулиантайгаар цацагдаж  эхэлсэн юм. Мөн хайгуул хийсэн “Пибоди Вэнсвэй Ресурс” ХХК-ийн нэхэмжилж буй их өрийн талаарх мэдээллийн дуулиан ч намдаагүй байна.

Угтаа энэ нь Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албанаас гаргасан 2016 оны 12 дүгээр сарын 02-ны хуралдаанаар шийдвэрлэх асуудлуудын дунд “зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтаас чөлөөлөх тухай” гэсэн үг өгүүлбэр байсны улмаас иргэдийн дунд “гал асч” айдас дахин хурж эхэлсэн хэрэг. Айдас одоо ч үргэлжилсээр.

“Дахин” гэдгийн учир Монгол Улсын Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 24-ний  257 дугаар тогтоолын 3,3 дахь заалтад Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дахь Балгасны улаан нуурын хотгорын газрын доорх усны ордоос 151л/с (13038 м3/хоног) хэмжээний усны нөөцийг “Эрдэнэс таван толгой” ХК-д ашиглуулах тухай  тогтоол гарч  шуугиан тарьсан билээ.

Тухайн үед 2010 оны долдугаар сарын 26-ны Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэж Өмнөговь аймгийн ИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын 24-ний тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад Балгасны улаан нуурыг авчихсан байсан юм.

Үүнээс үүдэн төрийн эрх бүхий албан тушаалтнуудтай Өмнөговьчууд удирдлагуудтайгаа нийлээд тэмцэж эхэлсэн байдаг. Монгол Улсын төрийн тэргүүнийг уулзалт хийхээр ирэх үед иргэд лоозон барьж “Нуураа өгөхгүй” хэмээн эсэргүүцлээ  илэрхийлж байлаа.

Ерөнхий сайдыг ирэх үеэр ч иргэд мөн эсэргүүцлээ ингэж илэрхийлсэн боловч  түүнийгээ хамгаалагч нарт нь булаалгаж  хэвлэлээр багагүй дуулиан тарьж байсан түүхтэй . Балгасны улаан нуураа  ингэж тэмцэж байж   үлдсэн юм.

Ингээд тухайн бүс нутагтаа газар тариаланг хөгжүүлэхээр говьчууд бэлтгэж эхэлсэн. 2018 онд Балгасны улаан нуурын ай сав газарт 100 га талбайд газар тариалан эрхлэхэд  үүнийг  аймаг дэмжсэн юм. Ийнхүү амсхийж, уул уурхайгаас харамлан байж авч үлдсэн газрын гүн дэх цэнхэр алт буюу цэнгэг усаа алдах вий гэх айдсаас түрхэн ч атугай салсан.

Гэтэл энэхүү айдас дахин сэрж иргэд чухам юу болоод байна гэсээр чих тавих болов. Энэ газарт Оросууд 1984, 1986 онд усны хайгуул хийсэн байдаг бол үүнийг нь бататгаж 2007-2008 онд дахин нөөцийг нь тогтоох хайгуул хийсэн байдаг.

Усны хайгуулын судалгааны нөөц зөрүүтэй гарсан тул дахин бататгаж нөөц тогтоох хайгуул хийх шаардлагатай хэмээн үзсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч зогссон юм. Уул уурхайд уг нуурыг ашиглах гэсэн санаархал одоо ч буйг үгүйсгэхгүй.

Нуурын зүүн хэсэг шорвог, баруун хэсэг нь цэнгэг гэж иргэдэд ташаа мэдээлэл тарааж тэднийг бухимдуулсан удаатай. Хайгуул хийх үеэр нөөц тогтоох ус шавхалтын үеэр өнгөн хөрсний хэд хэдэн булаг ширгэсэн гэдгийг нутгийн иргэд одоо ч ярьсаар буй.

Уул уурхайд газрын гүн дэх цэнгэг усыг ашиглахын эсрэг би хэзээд зогсох болно...

Энэ үгийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлсэн юм. Тэр одоо ч энэ байр суурьтаа хэвээрээ байгаа гэдгээ хэд хэдэн уулзалтын үеэр хэлж байгаа. Аймгийн удирдлагууд нутаг усаа гэсэн ийм үзэл бодолтой байгаа нь иргэдийн итгэлийг сэргээдэг биз ээ.

Алтайн Өвөр говийн усны сав газрын захиргааны дарга Д.Чандмань гуай ч мөн Балгасны улаан нуурын цэнгэг усыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглахын эсрэг байна. Тэрээр The Mongolian Mining Journal-ийн долдугаар сард өгсөн ярилцлагадаа “Хэдэн жилийн өмнө Балгасын улаан нуурыг ашиглах Засгийн газрын тогтоол, шийдвэрийг орон нутгийн ИТХ эсэргүүцэж тогтоол баталж байсан. Хэрэв Балгасын улаан нуурыг дахин ашиглах талаар эрчимтэй яригдаж эхэлбэл орон нутгийн иргэд мэдээж эсэргүүцнэ” хэмээн эрс шулуухан хэлсэн нь тодоос тодхон. 

Газрын гүн дэх бүх баялгаас ч үнэтэй хэмээн үзэж нэгдэн тэмцэж, Балгасны улаан нуураа Өмнөговьчууд хамгаалж үлдсэн ч өнөөдөр хэзээ ч алдаж магадгүй гэх айдсаар хүлүүлсэн хэвээр. Чухамдаа ус хэмээх эрдэнэ ямар ч баялгаас үнэтэй гэдгийг өвгөдийнхөө үеэс ухаарч ирсэн учраас говьчууд ийнхүү адган тэмцэж одоо ч айдастай суугаа билээ.

Төдийгөөс өдий хүртлээ говь нутгийнхаа газрын хэвлий дэх цэнгэг усыг хамгаалах гэж зүтгэсэн Л.Батчулуун өнөөдөр ч усны талаар мэргэжлийн хүмүүстэйгээ  хамтран ажилласан хэвээр.

-“Пибоди вэнсвэй ресурс” ХХК-ийн нэхэмжлээд буй их өрийн талаар Та байр сууриа хэлнэ үү? хэмээн  би түүнээс асуусан юм.

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарснаар бид Балгасны улаан нуурыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч улмаар уул уурхайд ашиглуулахгүй авч үлдэх гарц болсон доо. Даланзадгад сумын иргэдийн цэвэр ундны усны нөөц учраас миний анхаарлыг ихэд татсан.

Орон нутгийн хамгаалалтад авах талаар хэд хэдэн удаа газар дээр нь очсон. Тэргүүлэгчидтэйгээ ч хамт очиж байлаа. Ингээд орон нутгийн хамгаалалтад авч шийдвэр гаргасан.  Тэргүүлэгчид 100 хувь дэмжсэн юм шүү хэмээн Л.Батчулуун ярилаа. Энэ цаг үеэс л маргаан дэгдэж лиценз эзэмшигч нөхөд нөхөн төлбөрийн асуудал гаргах болсон юм.

Үндсэндээ нүүрсний, усны гэсэн хоёр лицензийг “Пибоди Вэнсвэй Ресурс” эзэмшдэг.   Хоёр тэрбум гаруй төгрөгийн нөхөн төлбөрийн асуудал үүсч тэр талаар  хоёр тал  маргалдаж эсвэл  эвлэлдсээр сүүлдээ харилцан тохирох хэлбэрийг сонгож лицензийн болон үйл ажиллагааны төлбөрийг судлах Ажлын хэсгийг мэргэжлийн санхүүчид аудитын бүрэлдэхүүнтэй гаргаж ажиллуулсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлтээр тус хоёр лиценз өөр хоорондоо худалдагдсан болох мөн үйл ажиллагааны зардалд өчүүхэн зардал гаргасан болохыг тогтоосон. Иймээс хууль зөрчиж өөр хоорондоо худалдсан асуудлыг бид  хариуцах учиргүй.

Харин бусад зардлыг аймаг төлөөд лецензийг цуцлуулах нь зүйтэй гэж тогтжээ. Мэдээж нөгөө тал тохиролцоонд хүрээгүй тул одоо болтол гацаанд буюу тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм. Харин сүүлийн үед өөр талбай сонирхож түүгээрээ солилцох тухай мэдээлэл  гарах болов. Ямартай ч одоо гурав орчим тэрбум нэхэж буй, тухайн үед 600 гаруй сая төгрөгөөр эргүүлэн авах яриа үүсгээд чадаагүй аж.

Уул уурхай хөгжиж улс орондоо эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгч байгаа ч гэлээ шавхагдаж дуусах баялгийн ард тухайн бүс нутагтаа үлдэх иргэдийн амьд явах, эрүүл амьдрах баталгаа байх ёстой. Үүний нэг нь цэнгэг усны нөөцөө авч үлдэх юм.

Урсаж өнгөрөх цаг хугацааны элээнд ширгэж дундрахгүйгээр газрынхаа гүнд байгаа цэнгэг усыг Өмнөговьчуудаас өөр хэн хамгаалах билээ. Магадгүй тэдний айдас уул уурхайн үйл ажиллагаа дуусах хүртэл үе дамжин үргэлжилж магадгүй. Иргэддээ ус хэмээх цэнхэр алтны үнэ цэнийг таниулах гэж Л.Батчулуун өнөөдөр ч зүтгэж байна. Түүний зүтгэл талаар болохгүй гэдэгт итгэнэм.

Холбоотой мэдээ