Д.Сумьяабазар: Олон улсын хөрөнгийн биржүүд манай IPO-г арилжаалах хүсэлтээ ирүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2018-10-25 13:01:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Энэ оны эхний 9 сарын байдлаар манай улс 33.5 сая тн нүүрс ”үйлдвэрлэн” гаргажээ. Ирэх оны төсөвт 42 сая тн нүүрс олоборлож экспортлохоор төлөвлөж байгаа. Үүнд эргэлзэх юм байхгүй, бид чадна” гэж УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар өнөөдөр хийсэн "Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Тэрээр, "Уул уурхай, аж үйлдвэрийн салбарын энэ оны эхний 9 сарын статистик үзүүлэлтүүдийг танилцуулсан юм. Өнгөрсөн хугацаанд манай 979.4 мянган тн зэсийн баяжмал, 14.5 тн алт, 4 мянган тн молибдений баяжмал, 2.5 сая тн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэн гаргажээ. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 11.2 их наяд төгрөгт хүрсэн нь 1.7 их наядаар өссөн дүн аж. 9 сарын байдлаар 5 сая баррель газрын тос, оны хэмжээгээр 8.1 сая баррель буюу 1.1 сая тн газрын тос олборлож 176.4. тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна гэв.


УУХҮЯ-ны нэг гол ажил болох Тавантолгойн хувьцааг гаргахтай холбоотой бэлтгэл үйл ажиллагааны талаар хэлэхдээ, “Ажил ид дундаа урагшилж байна. IPO-д бэлтгэх олон улсын зөвлөхүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаад аудит, санхүү, хуулийн болон техникийн зөвлөхүүд болох эхний ээлжийн хүмүүс, байгууллагыг сонгож байна. Бид гадаад, дотоодын санхүү, бизнес, хөрөнгө оруулалтын сан болон банкууд, хуулийн, зөвлөх байгууллагуудын олон төлөөлөлтэй тасралтгүй уулзаж, манай IPO-г сонирхох сонирхол гадаадад их өндөр байгаа. Хонгконг, Нью-Йоркийн Олон улсын хөрөнгийн биржүүд манай IPO-г хийж арилжаалах хүсэлтээ ирүүлээд байна. Бид удахгүй Австрали, Их Британид ирэх саруудад болох уул уурхайн олон улсын томоохон арга хэмжээнүүдэд оролцож улс орноо, IPO-гаа танилцуулна” гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO гаргах ажил мөн ид дундаа, графикийн дагуу үргэлжилж байна. Үүний тулд юуны өмнө компанийн дотоод зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай. Өчигдөр тус компанийн ТУЗ хуралдан, шинэ даргаа томиллоо. Үүний өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болсон. Хувьцааг олон улсын биржид худалдах бэлтгэл ажлыг хангах үүднээс “ЭТТ” ХК-д  IPO-гийн газар байгуулж, хөрөнгийн зах зээл болон технологийн салбарт мэргэшсэн, өндөр мэдлэгтэй залуус оролцон ажиллаж байна” гэв. УУХҮ-ийн сайд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.      

-Шатахууны үнэтэй холбоотой ОХУ-ын Роснефть компанитай хийж буй яриа хэлэлцээр хэр байгаа вэ?

-Бид тус компаниас худалдан авдаг газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулж, тогтвортой байлгах нөөц хангамжийн талаар салбарын хэмжээнд ярилцаж байна. Харин бодлогын асуудлын хүрээнд нефть хайгуул, боловсруулах үйлдвэр дээр хамтарья, Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын шатахууны нийлүүлэлт, газрын тосны дамжуулах хоолой барих гэсэн 5 асуудлаар хамтран ажиллах талаар хэлэлцэж байна.

Шинэ нисэх онгоцны буудлын шатахууны нийлүүлэлтийг олон улсын түвшинд, ялангуяа Сингапурын биржийн үнээр аваад эхэлчихвэл “МИАТ” ХК-ийн билетийн үнэ доош буух суурь боломж бий болж гарна


Онгоцны түлшний үнэ буурвал тийзний үнэ ч мөн буурах боломжтой. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар энэ ажлын хэсгийн явцыг мэдээлсэн. Ирэх сарын 15-ны дотор ажлын хэсэг үр дүнд хүрэх үүрэг авсан. Учир нь газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход газрын тос дамжуулах хоолой бэлэн болчихсон байх ёстой. Роснефть компанитай хамтарсан ажлын хэсгийг хоёр талаас байгуулсан. Тус компанийн захирлууд энэ ажлын хэсэгт багтсан. Манай талаас “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Х.Наранхүү Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж, ажлын хэсгийг ахалж байна. Гэрээ, хэлэлцээрийг ирэх сарын 15 гэхэд дуусгаж бэлэн болгоно.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ямар шатандаа явна бэ. ТЭЗҮ-г гаргасан уу?

-Үйлдвэрийн ажил 50 хувьтай яваа. Нийгэмд дээр, дооргүй зарим талаар энэ үйлдвэр бүтэхгүй гэх юм уу, юу болж байна гэсэн эргэлзээ бүхий яриа бий. Энд би бас эргэлзэх зүйл байхгүй гэдгийг дахин хэлье. Монголчууд бид газрын тосоо боловсруулах үйлдвэрээ өөрсдөө барьж чадна. Үйлдвэрийн ТЭЗҮ ирэх 11 дүгээр сарын сүүлээр эцэслэн гарна. Энэтхэгийн төлөөлөл энэ сард ирж байгаа. Үйлдвэрийн ажлыг 2019 оны эцэс буюу 11 дүгээр сард дуусна гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байна гэв.

 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ