УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-25 10:23:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.05 цагт 50.7 хувийн ирцтэй эхэллээ.Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэцэх асуудлын жагсаалтыг танилцуулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, “УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Одоо агаарын бохирдол, түгжрэл эхэллээ. Ирэх оны төсөвт энэ асуудлыг шийдвэрлэх тодорхой ажил хийхээр тусгаагүй байна. Засгийн газар сайжруулсан зуух, түлш тараах талаар ярихгүйгээр гэр хорооллын дахин төлөвлөлтийг сайжруулах, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах нь чухал юм. Тиймээс ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, дахин төлөвлөлт болон дэд бүтцийн чиглэлд хөрөнгө тусгасны дараа хэлэлцэх нь зөв” гэлээ.

Мөн Я.Санжмятав гишүүн, “Аймаг бүрт 8-10 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгасныг өчигдөр буюу энэ сарын 24-нд болсон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хассан байна. Тиймээс уг заалтыг дахин тусгах хэрэгтэй" хэмээгээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирэх оны төсөвтэй холбоотой Засгийн газар, УИХ-д зөвлөмж хүргүүлсэн эсэхийг тодрууллаа.

Харин УИХ-ын дарга М.Энхболд, “Өчигдөр Өргөдлийн байнгын хороо хуралдаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тогтоол баталсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ирэх оны төсвийн талаар зөвлөмж гаргаагүй” гээд д ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг хойшлуулах талаар Л.Болд гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.

Холбоотой мэдээ