Судалгаагаар сүүлийн 8 жилийн хугацаанд гэр бүл салалт 4.1 хувиар нэмэгджээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2018-10-24 15:00:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүл залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ, Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнгээс  42970 өрхөд  гурван сарын хугацаанд хийсэн судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа.

Манай улсад 76.9 мянган эмэгтэй, 20.6 мянган эрэгтэй өрх толгойлдог. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 43.8 хувь нь, эрэгтэйчүүдийн 34.8 хувь нь ядуу амьдарч буй нь дээрх судалгаагаар тогтоогджээ.

Социологич С.Түмэндэлгэр “Шүүхээр гэр бүл цуцлуулахад хүүхэд асрах, тэжээн тэтгэхтэй холбоотой ямар нэг нэхэмжлэл гараагүй бол хүүхдийн асуудлыг шийдэхгүй орхих тохиолдол бий. Өөрөөр хэлбэл гэр бүл салахад хүүхдийг эцэг эхийн хэнд нь үлдээх ёстойг шийдвэрлэдэггүй гэсэн үг. Гэр бүл цуцлалтын дараа хүүхдийн тэтгэмжийн төлөлт, үүргийн талаарх хараа хяналт байхгүйн улмаас хүүхэд хохирч байна. Эцэг,  эхийн эдийн засгийн шийтгэл нь бага, хяналт  сул байх тохиолдолд хүүхдийн төлөөх үүргээ тэд  уландаа гишгэж салах шийдвэрийг хялбархан гаргадаг. Иймд гэр бүл цуцлуулсан тохиолдолд эдийн засгаар нь хянах шаардлагатай. Мөн тухайн хүүхдэд зориулсан үйлчилгээ хэрэгтэй” гэлээ.



Гэр бүл хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг “Гэр бүл гэдэг нь нийгмийн хөгжлийн анхдагч орчин. Гэвч гэр бүл салалтаас болж өрөөсгөл гэр бүл нэмэгдэж байгаагийн хор уршиг нь эргээд хүүхдийн хүмүүжилд нөлөөлж, сөрөг үзэгдлийг бий болгож байна. Тиймээс гэр бүлийг дэмжих үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Гэр бүл салалтын үр дагавараар олон хүүхэд аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдалд өртөж, аюулгүй амьдрах, сурч хөгжих эрх нь зөрчигдөж байна” хэмээв.

Нийгмийн бодлого хөгжлийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, социологич  Ц.Одгэрэл “Ядуурлаас болж гэр бүлд асуудал үүсч байна. Үүнтэй холбоотой манай хүрээлэнгээс гэр бүлийг дэмжих үйлчилгээг санаачлан гаргасан. Энэ үйлчилгээг бий болгохын тулд төсөв санхүү шаардлагатай. Мөн хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд гэр бүлийн асуудал хариуцдаг байгууллагуудын төсөв санхүүжилтийг сайжруулах хэрэгтэй. Учир нь олон судалгааны үр дүн шийдлүүд төсөв санхүүжилт байхгүй бол зүгээр цаас болж үлдэнэ” гэлээ.

1989-2017 онд гэр бүлээ цуцлуулсан хүний тоо 3 дахин нэмэгджээ. Мөн сүүлийн 8 жилийн хугацаанд гэрлэлт цуцлалт жилд  дунджаар 4.1 хувиар нэмэгдсэн байна. Гэр бүл  цуцлалтын тохиолдлыг хамт амьдарсан хугацаагаар нь судалхад гэрлэлтээ цуцлуулсан хосын 51.6 хувь нь 10-аас дээш жил, 26.5 хувь нь 7-9 жил амьдарсан аж.

 

Г.Өлзийхутаг

Холбоотой мэдээ