Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын талаар хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-24 14:21:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчин болон тэргүүлэх чиглэлийг сайжруулах өнөөгийн хүчин чармайлтыг хэлэлцэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.10.24) Төрийн ордонд зохион байгуулав.

Ази номхон далайн группийн шаардлагыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилготой зохион байгуулсан хэлэлцүүлэгт Олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид, холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаас банк, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид зэрэг төлөөлөл оролцлоо.



Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэлсэн үгэндээ “Монгол Улсад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчныг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөний дагуу тодорхой ажлыг хийж байна. Монгол Улс 2018 онд олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжийн дагуу Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Монгол Улс саарал жагсаалтад орж болохгүй. Тэгвэл манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын байдал хүндэрнэ. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа болон цаашид ямар гарц гаргалгаа байгааг өнөөдөр хэлэлцэнэ” гэлээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн З.Нарантуяа, М.Оюунчимэг нар оролцож, байр сууриа илэрхийлэв. Мөн Сангийн яам, Хууль зүйн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хийж буй ажлын талаар  илтгэл тавьсан бол Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн өнөөгийн чиг хандлага, дэлхийн санхүүгийн байгууллага, улс орнуудын туршлагаас суралцсан сургамжууд, Монгол Улс үүнийг хэрхэн хэрэгжүүлж болох талаар Олон улсын Мөнгө угаахтай тэмцэх газрыг хариуцсан мэргэжилтнүүд танилцуулга хийлээ.

Холбоотой мэдээ