Хоёр удаа хойшилсон шүүх хурал энэ сарын 21-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНШүүгдэгч Э-ийн шүүх хурал энэ сарын 21-ний 09 цагт болно. Тэрээр өнгөрсөн оны есдүгээр сарын 13-14-ний шилжих шөнө Орхон аймгийн Баянцагаан багт гарсан хүн амины онц ноцтой гэмт хэргийн сэжигтнээр татагдсан юм.
Уг хэргийг шүүх таслах хуралдаан энэ онд хоёр удаа товлогдсон ч цуцлагдсан байна. Учир нь шүүгчдэгч Э нь эхний шүүх хуралдаанд өмгөөлөгч авахыг хүссэн бөгөөд түүний хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Дараа нь хоёрдугаар сард мөн давхар өмгөөлөгч авахыг хүссэнээр дахин хойшлуулжээ. Харин гурав дахь удаагийн шүүх хурлын тов энэ сарын 21-ний 9 цагт болохоор төлөвлөгджээ. Уг хуралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болон иргэд оролцох боломжтой юм. Иймд хурал болохоос 21 хоногийн өмнө Шүүхийн Тамгын Газарт албан ёсны хүсэлтээ бичгээр гаргах ёстой ажээ.
Шүүгдэгч Э-д хамаатуулж буй хэргийг эргэн сануулвал, өнгөрсөн оны есдүгээр сарын 13-аас 14-нийг шилжих шөнө Баянцагаан багт нэгэн гэр бүлийн таван хүн гэмт халдлагад өртөж 81 настай эмээ, есөн настай хүү амь насаа алдсан юм. Харин үлдсэн гурав нь эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлсэн. Уг хэргийг үйлдсэн гэх Э-г аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах, Эрүүгийн тасаг, Тусгай болон гэрээт албаны алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд хэрэг гарснаас хойш долоо цагийн дараа Булган аймгийн Хялганат сумаас хойш 20 км зайд байрлах хадлангийн бригадаас баривчилсан юм. Шүүгчдэгч нь Булган аймгийн Хангал сумын харьяат юм.
Б.Оюун-Эрдэнэ