“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг сонгон батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2018-10-19 19:23:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр өглөө тус компанийн байранд болж ТУЗ-ийн гишүүдийг сонгон баталлаа.

Хувьцаа эзэмшигчдийн хурлыг өнгөрсөн есдүгээр сарын 26-нд анх товлон зарласан бөгөөд ирц бүрдээгүйн улмаас хойшилж, аравдугаар сарын 8-нд хуралдсан юм. Энэхүү хурлаар "Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах” болон Засгийн газрын 245-р тогтоолын хэрэгжилтийг хангах бусад асуудлын хүрээнд "Тогтоолын хэрэгжилтийг хангах”, ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох” асуудлыг тус тус хэлэлцэн баталсан юм. Хэдийгээр саналын эрхгүй боловч хуралдаанд идэвхитэй оролцсон хувьцаа эзэмшигч иргэд ТУЗ-ийн хараат бус 4 гишүүнийг томилох асуудлыг хойшлуулах санал гаргасанд хүндэтгэлтэй хандаж, хуралдаан завсарласан юм. 


Дараагийн хурлыг аравдугаар сарын 19-нд хийхээр хуулийн дагуу зарлан мэдээлснээр өнөөдөр үргэлжлэн хуралдлаа. Хуралдаанаар Компанийн тухай хуульд заасан “ТУЗ-ийн гишүүдийг санал хураах кумулятив аргаар бүрэлдэхүүнээр сонгох тухай” шаардлагад нийцүүлэн ТУЗ-ийн төрийн төлөөллийн болон хараат бус гишүүдийг сонгох асуудлыг хамтад нь хэлэлцэн шийдвэрлэлээ. Улмаар өнөөдрийн хурлаар “ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийг доорх бүрэлдэхүүнтэй сонгон баталсан байна.

 Г.Нандинжаргал (УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)

У.Бямбасүрэн (Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга)

С.Наранцогт (Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга)

Р.Мэргэн (ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч)

Н.Баярчимэг (УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн дарга)

Ц.Баяр-Эрдэнэ (Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга)

Б.Ганхуяг (”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал)

Ц.Ганболд (Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга)

Х.Болор-Эрдэнэ (”Монголросцветмет” компанийн захирал асан)

Р.Бурмаа (УИХ-ын гишүүн асан)

П.Өлзийнаран (Уул уурхайн инженер, эдийн засагч)

 

 

 

 

Холбоотой мэдээ