Завханд 3.7 сая мал өвөлжиж, хаваржих төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-24 10:03:43

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн ХХААГ-аас аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл, хангалтын явц, отор нүүдэл, хүнсний хангамжийн талаарх цаг үеийн мэдээллийг хэвлэлийн хурлаар дамжуулан сэтгүүлчдэд өглөө. Завханд 24 сумын 116 багт 9.3 мянган малчин өрхөд 3.7 сая мал өвөлжиж, хаваржих урдьчилсан төлөвтэй.

Завхан аймаг 2018 оны эхэнд 3,6 сая малтай байсан бөгөөд урдьчилсан байдлаар 1,2 сая орчим төл бойжуулж, иргэд, малчид 1,1 сая малыг зах зээлд борлуулж, хүнсэндээ хэрэглэнэ гэж тооцоход мал сүрэг 100,0 мянган толгойгоор өсөх тооцоо гаргажээ. Мөн аймгийн малчин өрх, мал сүрэг таван чиглэлээр 15 сумаас 734 өрх 875,1 мянган мал отор хийх урьдчилсан төлөвтэй байна.

Тухайлбал Завхан аймгийн Их-уул, Тосонцэнгэл, Отгон  сумаас 113 өрхийн  63,5  мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ,  аймгийн  нутагт отроор өвөлжих  аж. Энэ жилийн тухайд хаваржилт хүндэрч, зуншлага оройтсон. Таана голдуу ургасан говийн болон хангай, говь хосолсон, бэлчээрийн даац хэтрэлттэй есөн сумаас 205 өрхийн 561,0 мянган мал аймаг дотроо бусад сумдын нутагт өвөлжих ерөнхий төлөвтэй байгаа.

Түүнчлэн Баянтэс, Тэс, Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн, Алдархаан зэрэг сумаас хойд хилийн дагуу зурвас нутаг, Отгонтэнгэр, Тарвагатай нурууны хамгаалалттай, байгалийн цогцолбор газруудад 254 өрхийн 209,8 мянган мал буюу ихэвчилэн адууны отор оруулах саналыг хил хамгаалах ерөнхий газар, БОАЖЯ-ны харъяа газарт хүргүүлсэн байна.

Мөн аймаг дундын отрын бүс нутагт Дөрвөлжин сумаас 35 өрх 38,0 мянган мал, Завханмандал сумаас  53 өрх 57 мянган мал гэхчлэн таван сумын 167 өрхийн 171,5 мянган мал отроор өвөлжих санал ирүүлжээ. Гэтэл аймаг дундын отрын бүс нутаг болох Бага хайрханы бүс нутагт энэ жил 0,98 ц/га ургацтай байгааг ХХААХҮЯ-наас тогтоосон тул тус бүс нутагт отрын бүсийн орон тооны бус зөвлөлөөс таван сумаас 69 өрхийн 56,0 мянган мал оруулах урьдчилсан шийдвэр гаргаад байгаа гэлээ.  

Завханы малчин өрхийн 98 хувь нь бэлчээрийн усаар хангагдсан гэв

Завхан аймгийн хэмжээгээр 773 уст цэг байгаагаас 625 уст цэг буюу 66,1 хувийг малчид иргэд ашиглахад бэлэн байгаа бөгөөд нийт малчин өрхийн 98 хувь нь усаар хангагдах боломжтой байна.

Энэ онд улсын төсвийн болон зарим хөрөнгийн эх үүсвэрээр буюу 117 орчим сая төгрөгийн хөрөнгөөр шинээр инженерийн хийцтэй долоон худгийг гаргаж ашиглалтад өгчээ. Мөн орон нутгийг хөгжүүлэх сангийн 49,7 сая төгрөгийн хөрөнгөөр гурван худаг, төсөл хөтөлбөрийн 20,0 сая төгрөгийн хөрөнгөөр нэг, малчид өөрсдийн санаачилгаар энгийн уурхайн худаг тавыг гаргасан байна.

Түүнчлэн улсын төсвийн  хөрөнгөөр Дөрвөлжин, Баянтэс зэрэг таван суманд инженерийн хийцтэй худаг гаргахаар “Тэсийн бүрд” ХХК ажиллаж буй. Худгийн өрөмдлөгийн ажлын гүйцэтгэл 65 хувьтай. Мөн улсын төсвийн 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг 10 суманд зохиох байгуулаад байгаа тухай аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Аймгийн аюулгүйн нөөцөд тэжээлийн 90 хувь нь бүрджээ

Завхан аймаг аймгийн аюулгүйн нөөцийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын дагуу 200 тонн өвс, 100 тн тэжээл, сум бүр 50 тн тэжээл, 50 тн өвсөөр өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлж байна.

Энэ жил аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор Завхан аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд орон  нунтгийг хөгжүүлэх сангаас 100,0 сая төгрөг зарцуулж аймгийн өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Аймгийн өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх сонгон шалгаруулалтад "Энх-Өвөгдий" ХХК шалгарч өнөөдрийн байдлаар зургаан суманд нийт 90 тн тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг хийж байна. Тус компани Завханмандал, Түдэвтэй, Шилүүстэй, Тосонцэнгэл сумдад татан авалт хийж 25 кг-аар савласан 3600 уут тэжээлийг нөөцлөөд буй.

Нөөцийн өвс бэлтгэхээр хоёр компани материалаа ирүүлсэн боловч сонгон шалгаруулалтын шаардлага хангахгүй байгаа тул Орон нутгийн өмчийн газраас шууд худалдан авах гэрээ хийх зөвлөмж ирүүлжээ. Үүний дагуу өнөөдрийн байдлаар Улиастай, Тосонцэнгэл, Тэс, Завханмандал, Түдэвтэй, Шилүүстэй суманд нийт 144 тонн өвсний нөөцийг зах зээлээс шууд худалдан авахаар бүрдүүлээд байгаа гэлээ.

Малчид 13 мянга орчим тн байгалын хадлан бэлтгээд байгаа гэв

Завханд өнөөдрийн байдлаар 16 сум сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцдөө өвс 668 тн, тэжээл 175,5 тонныг бүрдүүлж  35,1 хувийн биелэлттэй байна.

Харин аймгийн хэмжээнд малчид, иргэд, аж ахуйн нэгжүүд 13 мянга орчим тонн байгалийн хадлан, 81 тонн сүрэл, 1800 орчим тонн малын тэжээл, 90 тонн үйлдвэрийн тэжээл,  270 тонн гар тэжээл, 3300 тонн давс хужир, шүү бэлтгэснээр тэжээлийн хангамжийг 70 орчим хувьтай биелүүлжээ.

Харин аймгийн хэмжээгээр бог малын 43 мянга, бод малын 2,7 мянган хашаа хороо, өтөг бууцыг малчид засварлаад буй. Мөн өвөлжөөний хашааг  дулаалах ажлыг сум бүрийн ажилгүй залуучуудыг түр ажлын байраар хангах хэлбэрээр малчидтай хамтран хэрэгжүүлжээ. Энэ онд бог малын 34, бод малын 38 хашаа шинээр барьснаар малын хашааны хүрэлцээ хангамж аймгийн хэмжээнд 92,3 хувьтай байна.

Бэлчээрийн даац хэтэрсэн учраас өвс тэжээлийг илүү бэлтгэх хэрэгтэй гэв

Завханы Ус цаг уур орчны шинжилгээний газраас аймгийн нийт сум багийн хэмжээнд бэлчээрийн ургацыг 2,6 ц/га байгаа бэлчээр хүрэлцээгүй гэж тогтоогоод байгаа ажээ.

Тиймээс аймгийн хэмжээний нийт малыг хонин толгойд шилжүүлснээр тооцоход аймгийн дунджаар бэлчээр хангамж 48.3 хувьтай байна. Говийн сумдад таана голлон ургасан, хангайн сумдад хогийн ургамал ихээхэн хэмжээгээр ургасан нь бэлчээрийн даацыг хэтрэх хэмжээнд хүргэж буй.

Тиймээс өвс тэжээл, гар аргаар тэжээл бэлтгэх, хужир шүүгээ төлөвлөснөөс илүү базаахыг малчдад уриалаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар есөн мянган малчин өрх мал сүргийнхээ 80,6 хувийг дундаас дээш тарга хүч авахуулжээ.

Өвс, тэжээлийн татан авалт 70 орчим хувьтай, хашаа саравчны засвар, тохижуулалт, дулаалалт, малчдын хоол хүнс, дулаан хувцас хангалт 95 хувьтай.

Малчдын 90 гаруй хувь нь түлшээ бүрэн базаасан мэдээлэл байна. Үргэлжлүүлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажил сум, аймгийн түвшинд эрчимтэй хийгдэж байгаа, тухай бүр нь цаг үеийн мэдээллийг өгч байна хэмээн Завхан аймгийн ХХААГ-ын Мал Аж ахуйн албаны дарга Д.Бямбасүрэн мэдээлэв.

Б.Мягмарсүрэн 

 

Холбоотой мэдээ