Ч.Хүрэлбаатар:“Ирээдүйн өв сан”-д анх удаа 500 тэрбум төгрөгийн хуримтлал үүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-18 16:27:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ энэ оны 5 дугаар сард баталсан. Ингэхдээ төсвийн орлогыг 8.8 их наяд, зарлагыг 10.9 их наяд байхаар тусгасан. Гэвч Эдийн засгийн идэвхжлийг дэмжих төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэх зайлшгүй шаардлагын улмаас ирэх онд төсвийн зарлага өсөх хандлагатай байгаа юм. Тиймээс дээрх хуулийг өөрчлөн найруулж, Монгол Улсын төсвийн орлогыг 9.6 их наяд, зарлагыг 11.5 их наяд төгрөг байхаар тусгасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Харин төсвийн алдагдал 1.9 их наяд буюу ДНБ-ий 5 хувьтай тэнцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Тэрбишдагва гишүүн дэлхийн томоохон орнуудын худалдааны дайнаас үүдэн Монгол Улсын эдийн засгийн хөгжилд өөрчлөлт оруулах магадлалтай гэдгийг дурьдаад ирэх онд Засгийн газар төсвийн тодотгол хийхгүй байх боломжтой эсэхийг тодрууллаа. Мөн тэрбээр ирэх онд агаарын бохирдлыг бууруулах, түгжрэлийг арилгах чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөж буйг асуусан юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг тооцож үзсэн. Ирэх оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд хэцүү хэдий ч бид даван гарч чадна гэдэгт итгэлтэй байна. Төсөвт тодотгол хийхгүй байх 90 хувийн магадлалтай. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг өргөтгөн, дөрвөн эгнээтэй болгож байна, мөн Улаанбаатар хотод шинэ гүүрэн гарц барьж байгаа. Мөн нүхэн гарц байгуулах ажлууд ч өрнөнө. Ер нь бол нийслэлд байрлалтай их, дээд сургууль оюутны байр болон хичээлийн байраа хотын төвөөс гаргасан тохиолдолд татварын бодлогоор дэмждэг болох хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулахад нийт 147 тэрбум төгрөг тусгасан” гэлээ.

Харин Д.Эрдэнэбат гишүүн Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгаа энэ үед өрийн талаар бус хуримтлалын асуудлыг ярьдаг болох хэрэгтэй гэв.

Засгийн газар төсвийн орлогоос хуримтлал үүсгэж эхэлж байгааг Сангийн сайд хэллээ. Тухайлбал, ирэх онд “Ирээдүйн өв сан”-д анх удаа 500 тэрбум төгрөгийн хуримтлал үүснэ хэмээн цохон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газар нийт 19.5 их наяд төгрөгийн өртэй байгаа юм. Цаашдаа өрийн зөв менежмент хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг Б.Баттөмөр гишүүн санууллаа. Засгийн газраас өрийн хэмжээг буулгах, зөв менежмент хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өрийн дарамтыг буулгахын тулд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах шаардлага тулгарч байгаа юм. Ингэснээр гаднаас нэн хөнгөлөлттэй нөхцлөөр хөрөнгө босгох боломж бүрдэнэ гэдгийг Сангийн сайд тайлбарлав.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ