Сирийн өмнөд нутагт 1200 босогч зэвсгээ хураалгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-01 11:31:52

БЕЙРУТ. /SANA/. Сирийн нийслэл Дамаск хотоос урагш 110 км зайтай газар оршдог Дераа мужид босогчдын томоохон бүлэглэл гал зогсоох тухай гэрээ хэрэгжиж эхэлснийг ашиглан зэвсгээ хураалгажээ. Тус мужийн захирагч Мухаммед Халед аль-Ханнусийн мэдээлснээр, омгийн ахлагчийн санаачилгаар гэмт бүлэглэлийн 1200 гишүүн эрх баригчдад даваа гарагт бууж өгсөн байна.

“Тэдний дийлэнх нь Абтаа суурингийн оршин суугчид бөгөөд тэд бүгдээрээ мужийн дотоод хэргийн байгууллагуудад шалгуулсныхаа дараа энгийн амьдралдаа эргэн орохыг зөвшөөрсөн” гэж мужийн захирагч онцлон хэлжээ.

Түүний хэлснээр, “энэ нь Сирийн арми өмнөд фронтод ялсны шууд үр дагавар юм”. “Ойрын өдрүүдэд бид үндэсний зөвшилцлийн үйл явцын хүрээнд шинээр хэлэлцээ хийхээр төлөвлөж байна” гэж тэрбээр онцлон дурдсан байна.

Сирийн чөлөөт арми гэж нэрлэдэг босогчдын бүлэг байлдааны ажиллагаагаа хоёрдугаар сарын 27-ноос зогсоохыг зөвшөөрчээ. Дераа мужийг түр эвлэрэх гэрээ хэрэгжиж байгаа “ногоон бүсэд” оруулсан байна. “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн террористууд түр эвлэрэх гэрээг тасалдуулахыг оролдсон боловч бүтэлгүйтжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ