Хүүхэд хамгаалах үйлчилгээний санхүүжилтийг ирэх онд бууруулж буйг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2018-10-10 14:11:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль 2016 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 400 гаруй хүүхэд харах төвд 17 мянга гаруй хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч боловсорч  байна.

Төрөөс жилд хүүхэд харах үйлчилгээнд 80 тэрбум төгрөг зарцуулдаг бол хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид 5.8 тэрбум төгрөгөөр шийдэж буйг Монголын хүүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн холбоо /МХХҮЭХ/-ноос мэдэгдлээ.Ирэх оны улсын нэгдсэн төсөвт хүүхэд харах үйлчилгээний төсвийг 5.8 тэрбум байсныг 2.6 тэрбум болгон бууруулсан нь хүүхэд хамгааллын эсрэг төрийн бодлого явж буйг  харуулж байна хэмээн МХХҮЭХ-ноос мэдэгдлээ.

Тус холбооны санхүүжилтыг 2.6 тэрбум болгосноор 3000 гаруй хүүхэд, 500 гаруй хүүхэд харагчийн эрх ашиг зөрчигдөж буй аж. Тиймээс төсөвт 5.8 тэрбум төгрөгийг  хэвээр тусгаж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байна гэлээ. 

МХХҮЭ-ийн холбооны гишүүн С.Банзрагч: “Хүүхэд харах үйлчилгээ бол нийгмийн халамж биш энэ бол ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль амьдралд хэрэгтэй хууль болсон гэдгийг өнгөрсөн 3 жилийн хугацаа харуулсан. 17 мянган хүүхэд цоожтой хаалганы цаана найз нөхөдгүй үлддэг байсан бол эрүүл аюулгүй орчинд бусадтайгаа сурч боловсорч хүмүүжиж чадсан. Бид улсаас орон байр, цалин мөнгө, эд материал, ариутгал халдваргүйжүүлэлт хийе гэж мөнгө нэхээгүй. Төрд дарамт учруулахгүй  үйл ажиллагаа явуулж байхад бидний үйл ажиллагааг яагаад дэмжихгүй байна вэ гэсэн асуултад Төрийн гурван өндөрлөгөөс хариу шаардаж байна. Аав ээж нь ажилгүй, танилгүйгээс болж хүүхэд хохирч, сугалааны ард үлдэх ёсгүй юм. Хүүхэд бүрт ижил гараа өгье” хэмээлээ.


                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                О.Мөнхжаргал

Холбоотой мэдээ