Монголоо алдаршуулсан олимпийн баатрууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-09 19:13:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоос хагас зуун жилийн тэртээ Монгол Улсын нэрийг дуудуулан олимпийн тэнгэрт Алтан соёмбот Төрийн далбааг мандуулсан  олимпийн медальтан Монгол Улсын иргэн 25 хүн байгаа билээ. 


Энэхүү түүхт 50 жилийн ойн өмнө энэ олимпийн баатруудтай хийсэн ярилцлага, нийтлэлийг он дарааллаар нь цувралаар хүргэж байна.

 

9. 1980 Москва Дугарсүрэнгийн Оюунболд


Бөх хүнд байх бүх чанарыг шингээсэн хосгүй тамирчин


"Москва-80” зуны XXII олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин /гавьяат мастер/ Дугарсүрэнгийн Оюунболд агсан 1957 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. Д.Оюунболд 23 настайдаа 1980 онд Москва хотноо болсон зуны XXII олимпийн наадмын чөлөөт бөхийн төрлөөр 57 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж манай чөлөөт бөхийн тамирчдын медалийн буухиаг үргэлжлүүлсэн Монголоос төрсөн олимпийн ес дэх медальтан болсон билээ.



Гавьяат тамирчин Д.Оюунболд нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцохдоо 1978 онд Мексикийн Мехико хотноо болсон ДАШТ-ээс ганцаараа хүрэл медаль хүртэж, Дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн 15 дахь бөх болж Монголын чөлөөт бөхийн түүхэнд бичигдэн мөнхөрсөн тамирчин.


Тэрбээр Дэлхийн цомын аварга шалгаруулах 1978, 1981 тэмцээнээс мөнгө хүрэл медаль, Ах дүү найрамдалт армиудын тав, ”Интернациональ” олон улсын тэмцээн /ОУТ/-ий долоо, Монголын бүх ард түмний спартакиадын гурав, Монгол Улсын 12 удаагийн аварга, 1976-1991 онд Дан Колов, Тбилис, Герман, Унгар, Румын, Польш, ЗХУ-д болсон ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртсэн, Монгол Улсын 1978, 1980 оны шилдэг тамирчин болж байсан дэлхийд данстай шилдэг бөх юм.


Тэр бас шилдэг дасгалжуулагч багш байсан бөгөөд олон шилдэг бөхчүүдийг сургаж дасгалжуулсан юм. Д.Оюунболд эмэгтэй чөлөөт бөхийг Монгол оронд хөгжүүлэхэд үндэс суурийг нь тавилцаж анхны эмэгтэй тамирчдыг бөхийн спорт руу хөтөлж оруулсан дасгалжуулагч, багш гэдэг. Гавьяат тамирчин түүний энгэрт ”Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль ч гялалзаж байсан юм. Тэрбээр 2002 онд ид хийж бүтээх 44-хөн насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд монгол түмэн харуусдаг билээ.


Өвөрмөц гавшгай, дайчин, хурдтай, техниктэй, уран шаламгай, дайчин барилдаантай гэдгээрээ гайхагдаж байсан Д.Оюунболд 1980-аад оны дэлхийд данстай шилдэг бөхчүүдийн нэг байсныг энэ үеийн гадаад, дотоодын олон бөхчүүд, багш дасгалжуулагчид онцлон дурсдаг. Мөн түүний уран гоё барилдааныг  бөхчүүд болон бөхийн хорхойтнууд одоо ч дурсан ярьдаг.




Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны гэргий Ж.Наранцэцэгтэй уулзаж ханийнх нь талаар ярилцсан юм.


-Энэ жил Монголын тамирчид олимпийн их наадмаас анхлан медаль хүртсэний түүхт 50 жилийн ой тохиож байна. Манай улсаас өнөөдөр 25 хүн олимпийн медаль хүртсэн бөгөөд тэдний нэг нь таны хань байсан. Та сэтгэгдлээ хэлнэ үү?


-Монголчуудыг дэлхий дахин Бөхийн орон гэдэг. Манай чөлөөт бөхийн тамирчдаас 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас 4 бөх олимпийн анхны медальтай ирж байсан нь үүнийг баталдаг гэж ойлгодог. Үүнээс хойш 50 жил өнгөрчээ. Энэ хугацаанд чөлөөт бөхийн төрлөөр манай тамирчид, шилдэг бөхчүүдтэй гэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Болгар, Иран, Турк зэрэг орнуудтай л өрсөлдөж ирснийг монголчууд мэддэг, тиймээс ч чөлөөт бөхийн тамирчдаа олимп, дэлхийн дэвжээнээс хоосон ирэхгүй гэж ихэд итгэж, найддаг бөгөөд бөхчүүд ч энэ итгэлийг дааж ирсэн түүхтэй. Харин өнөөдөр энэ спортоор олон орны тамирчид энэ зэрэгцэх болжээ. 1980 оны Москвагийн олимпийн наадмаас жүдо, чөлөөт бөхөөр тус бүр нэг мөнгө, нэг хүрэл нийт 4 медальтай ирж байлаа. Миний хань 1974 онд 16 настай байхдаа аав хүний алсын хараа, дэмжлэгээр сайн дураараа цэрэгт мордсон байдаг. Эндээс л бөх болох амжилтын замыг нь нээж өгсөн аавдаа бид хоёр ихэд талархдаг. Тэгээд л “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч /Ардын багш/ Ч.Дамдиншарав багш таньж Алдрын тамирчин цэрэг болж 3 жил алба хаасан. Түүнийг Завхан аймагт үндэсний бөхийн залуучуудын УАШТ оролцуулахад, хожим нь жүдо бөхийн шилдэг тамирчин болсон З.Дэлгэрдалай гэж өөрөөсөө том, хүнд жинтэй залуутай үзүүр түрүүнд үлдэж барилдан давж түрүүлэн үндэсний бөхийн хүүхдийн цол хүртэж тамирчин болох гараагаа эхэлсэн байдаг.



Харин Дамдиншарав багш түүнийг хурдан, шаламгай хөдөлгөөнтэй, олон угсраа мэх хийдэг, жин багатай учраас чөлөөт бөхөөр хичээллүүлсэн юм билээ. Би 1975 онд МУИС-ийн оюутан болчихоод Спортын төв ордон дээр теннис тоглож байгаад л ханьтайгаа танилцаж байлаа. Оюунболд маань цэргээс халагдаж ирээд л гэр нь Сэлэнгэд байсан болохоор хотод манайд ирээд л бид хоёр 1977 онд гэр бүл болсон. Том охин О.Удвалжаргал 1979 онд төрсөн. Хүү О.Жаргалцэнгэл маань 1981 онд төрсөн. Хүү маань дээд сургууль төгсөөд одоо аав шигээ сайн тамирчин болоогүй ч, чөлөөт бөхийн сайн дасгалжуулагч болохоор ажиллаж явна.


-Тамирчин хүний гэр бүл, ар тал байна гэдэг жаахан хүүхдүүдтэй үед бас л тийм ч амар даваа биш байх шүү?


-Би ханийгаа тамирчин байхад оюутан тэгээд жаахан хүүхэдтэй байсан болохоор аав ээж маань үр хүүхдүүдийг минь өсгөсөн дөө. Бас миний нэг бурхан болсон Болд гэж дүү маань их тус дэм болж байлаа. Тэр дүү минь жүдо бөхөөр хичээллэдэг байсан. Оюунболд дандаа л бэлтгэл цугларалтанд гарна. Ирээд л шууд маргааш нь гадаад руу тэмцээндээ явдаг байлаа. Тэгэхэд манай Болд дүү маань ахынхаа бүх хувцсыг нь угаагаад, индүүдээд, бүх юмыг нь цэгцлээд бэлэн болгочихдог байж билээ. Гэртээ ховор байдаг болохоор хүүхдүүдээ их эрхлүүлдэг байж билээ.


-Д.Оюунболд тамирчин байхдаа их жин хасдаг байсан гэдэг. Энэ талаар таны үгийг сонсоё?


-Хань минь 1975-1991 оны хооронд 12 удаа Монгол Улсын аварга болж байсан.  Түүний тамирчин байсан үеийн амжилт, ялалт, хожигдол бүхнийг л ханьтайгаа хамтдаа туулсан даа. 1980 оны Москвагийн олимпийн наадамд явахдаа манай тамирчид СТО-д тангараг өргөсөн юм. Тэгэхэд миний хань ямар ч байсан медальт байранд орно гэсэн юм билээ. Оюунболд маань би 62 кг-д орсон бол баараггүй аварга болох байсан гэж ярьдаг байж билээ. Тэр үед яагаад 57 кг-д барилдуулж заавал олон кг жин хасуулдаг байсныг нь ойлгодоггүй юм. Шигшээ багийн тамирчин байхдаа шинэ он гараад  удалгүй Тбилисийн ОУТ№ээс эхлээд л долдугаар сар хүртэл гадаад, дотоодын олон тэмцээнд явна. Тэгээд ирээд л бэлтгэл цугларалтанд гарна. Намар болох ДАШТ хүртэл бараг гэртээ байх нь ховор байлаа. Бас хүч тамирын бэлтгэл болгож хадланд гарна. Манай хүн тэмцээнээс медальгүй ирнэ гэж байхгүй дээ. Би нисэх буудал дээр хүүхдээ тэврээд угтахдаа их л бардам байж. Чемодан савыг нь онгойлгоход дээд талд нь түүний авсан медаль л байдаг байсан.


-Дасгалжуулагч болоод олон шилдэг шавь төрүүлсэн байдаг. Мөн эмэгтэй чөлөөт бөхийг хөгжүүлэхэд ч анхдагчдын нэг байсан. Энэ талаар дурсана уу?


-Миний хань Ардын багш, гавьяат дасгалжуулагч С.Магсар, Ч.Дамдиншарав багш нарынхаа хамт чөлөөт бөхийн “Хангай” клубыг байгуулж ажилласан юм. Энэ үед л эмэгтэй чөлөөт бөхийг хөгжүүлэх зорилгоор охидуудыг шалгаж бөх болох замд оруулж эхэлсэн юм. Тэр эмэгтэй хүүхэд барилдана гэдэг амар ажил биш юм гээд өөрийн охиноо арай бага байна гэсээр байгаад бүр том болгож орхисон юм. Уг нь манай охин гартай их бяртай хүүхэд байж билээ. 



-Д.Оюунболд агсны гэрэлт хөшөөг төрсөн нутаг Сэлэнгэ аймагт босгосон талаар сонирхуулна уу?


-Энэ хөшөөний талаар ярихын өмнө дурдахгүй байхын аргагүй нэг зүйлийг онцлон яримаар байна. 2008 оны оны эхээр олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин, боксчин Н.Баярсайхан санаачилж олимпийн медальтнууд болон бурхан болсон медальтнуудын ар гэрийнхэнтэй нь уулзаж гарын үсэг цуглуулаад Монголын олимпийн медальтнуудын холбоог байгуулсан. Ямар ч санхүүжилт байхгүй өөрийн сэтгэлээрээ энэ холбоог байгуулсан боксын  Н.Баярсайханд үнэхээр талархаж байдаг. Энэ холбоог байгуулсаны дараахан олимпийн анхны аварга төрж, олимпийн медальтнуудын эгнээ өргөжсөн нь их билэг дэмбэрэлтэй үйлс болсон гэж боддог. Тэгээд манай олимпийн медальтнуудаас бурхан болсон хүмүүсийнхээ алдрыг мөнхжүүлж хөшөө босгох санааг Н.Баярсайхан гаргаж байлаа. Тухайн үед бурхан болсон гурван хүн нь бүгд чөлөөт бөхийнх байсан. Тэгээд олимпийн медальтан Т.Артаг, Ж.Даваажав, Д.Оюунболд нарын хөшөөг төрсөн нутагт нь босгохоор аймгийн Засаг дарга болон нутгийн зөвлөл, шавь нар, нутгийн зон олонд таниулах ажлыг бид хэвлэл мэдээллээр түгээсэн юм. Д.Оюунболдын хөшөөг босгох санаачлагыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга, нутгийн зон олон, мөн шавь нар нь маш сайхан хүлээн авч дэмжсэн. Энэ олон хүний тус дэмээр сайхан хөшөө төрсөн нутагт нь боссон доо. Манай Оюунболд олон сайхан шавьтай л даа. Тухайлбал, бөхөөс өөр салбарт ч байгаа. спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбат гэж залуу бий. ҮБТДС-ийн багш Ц.Баярсайхан, ҮУХМ Б.Батзориг, Д.Гомбодорж, Д.Түгждорж, Д.Лхагвадорж гээд олон шавь нар нь байгаа. Тэр олон сайхан шавь нараараа хүрээлүүлсэн их нийтэч, хүнд тусархаг, цагаан цайлган сэтгэлтэй, их зөөлөн хүн байсан. Миний хань ид хийж бүтээх насандаа дэндүү эрт хорвоог орхисонд нь их харамсдаг.



Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны олон шавь нарын нэг ОУХМ Б.Батзоригийн дурсамж яриаг сонирхуулж байна.


Тэрбээр “Би 1991 оны зун аав, бас аавын найз Дашдаваа ахын хамт багш дээрээ очиж байлаа. Тэр үед би найман настай байсан юм. Түүнээс хойш багшаас салаагүй шүү. Яг л аав, хүү хоёр шиг явсан даа. 1997 онд Улаанбаатарт “Хангай” клуб байгуулахад Ц.Баярсайхан, Д.Лхагвадорж, Э.Энхбат, С.Батбуян бид хэд багшийгаа дагаад хотод ирж байлаа. Миний багш сайн тамирчин байсан гэдгийг хүн бүр мэднэ. Бас маш мундаг дасгалжуулагч байсан юм. 1997 оны 10 дугаар сард клубээ нээгээд, түүнээс хойш зургаахан сарын дараа бид нар багаараа улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч байлаа. Энэ үнэхээр түүхэн амжилт. “Хангай” клуб нээгдсэнээс хойш өсвөрт долоо, залуучуудын улсын аваргад дөрвөн жил дараалан түрүүлсэн. Багш минь ийм л шилдэг дасгалжуулагч байлаа. Бөхөд сонирхолтой хүүхдүүдийг маш богино хугацаанд бэлтгэж, нэгтгэж, өндөр хэмжээний тамирчид бэлтгэсэн. Гайхалтай өндөр мэдрэмжтэй тамирчин, дасгалжуулагч байсан гэдгийг нь олон дурсамжаар жишээ авч хэлж болно. Дэвжээн дээр багш маань тун хатуу. Тэгээд бэлтгэл, эсвэл тэмцээн дуусгаад, дэвжээнээс буухаараа их зөөлөн, наргианч хүн. Хүнтэй муудалцана гэж бараг байхгүй. Дэвжээн дээр гарахын өмнө тамирчдаа их сайн хурцалж чаддаг. Өгч байгаа зөвлөгөө нь маш оновчтой. Намайг Эрдэнэтийн тамирчинтай барилдаад эхний үед ялагдаад гараад ирсэн чинь “Батзориг оо, багш нь чамайг ялна гээд өөр дасгалжуулагч нартай бооцоо тавьчихсан. Тэгэхээр чи хожихгүй бол хоёулаа онигоо болно шүү" гэж тоглоом, шоглоомоор  хэлэхэд нь л би заавал хожмоор санагдаж билээ. Дэвжээн дээр гарсан байгаа хүнийг яаж хөдөлгөх вэ гэдгийг багш маш сайн мэддэг байж дээ” хэмээн дурссан юм.


Тиймээ, Д.Оюунболд багшийн олон шавь нар нь амжилт гаргаж, цог золбоотой яваа билээ. Тухайлбал, чөлөөт бөхийн шилдэг дасгалжуулагч багш Ц.Баярсайхан, олимпийн наадамд хүч үзсэн ОУХМ Б.Батзориг, ДАШТ-ий хүрэл медальт Б.Одончимэг, ОУХМ Д.Лхагвадорж, С.Батбуян, Д.Гомбодорж, Д.Түгждорж, Н.Чанцалнямаа, Отгонжаргал гээд нэрлэвэл багшийнхаа нэрийг сайнаар дуудуулж яваа олон залуус бий. Монгол улсын гарьд Н.Ганбаатар, начин Д.Лхагвадорж, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин зэрэг олон алдар цолтнууд энэ эрхэм хүний байгуулсан “Хангай” клубээс төрж гарсан билээ.

Холбоотой мэдээ