Д.Мөнхжаргал: Нийслэлийн дүүрэг бүрийг номын сантай болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-09 14:01:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 2017 оны биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц, ирэх оны төслийг батлах тухай хэлэлцэж НИТХ-ын ээлжит хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Үндсэн чиглэлтэй холбоотой НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Үндсэн чиглэлд тусгасан зарим ажлыг хэн хариуцаж хийж, ямар үр дүн гарч байгаа, цааш яаж хийж бүтээн байгуулалт хэрхэн өрнөх талын мэдээллийг солилцдоггүй, гүйцэтгэл дээр ажлын уялдаа холбоо байхгүй байна. Үндсэн чиглэлд тусгасан ажлууд дээр, ялангуяа бүтээн байгуулалтын ажлууд дээр тооцоо, судалгаа, мэргэжлийн багийн оролцоо дутагдаж байна” хэмээн шүүмжлэлттэй хандаж байв. Өнөөдрийн хуралдаанаар мөн “Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах”, Хонхор, Гачуурт тосгон болон Тэрэлжийн хэсэгчилсэн төлөвлөгөөг батлах, НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос оруулж ирсэн хүүхэд багачуулын “Уншлагыг дэмжих-2021” төслийг дэмжих, НИТХ-ын ээлжит 19-р хуралдааныг зарлах, шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хонхор, Гачуурт тосгон, Тэрэлжийн хувьд хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу өргөтгөн хөгжүүлэх талаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас танилцуулж, Нийслэлийн Орон сууцны корпорациас оруулж ирсэн энэ талын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын Тэргүүлэгчид баталсан тогтоол гаргалаа.


Хуралдаанаар хэлэлцсэн хүүхэд багачуулын “Уншлагыг дэмжих-2021” төслийн талаар НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргалаас тодруулбал, “Энэ төсөл нь “Монгол хүн-Хүмүүжлийн аян”-ы хүрээнд, үндэсний ёс заншил, өвийг тээж, уламжлан үлдээх чадвартай, бүтээлч санаачилгатай Монгол хүнийг бэлтгэх зорилтын үүднээс хэрэгжих төсөл юм. Монгол Улсын Тогтвортой хөгжлий үзэл баримтлал-2030”-ын дагуу манай улс Боловсролын олон улсын чанарын үнэлгээ (PISA)-д хамрах бэлтгэлийг 2016-2020 онд хангаж, 2021 онд хэрэгжүүлэн 2030 он хүртэл олон улсад эзлэх байр сууриаа тууштай ахиулах зорилттой. Энд бид хүүхэд, багачуулаа одооноос бэлтгэж мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах юм. Энэ хүрээнд бид “Ухаалаг Монгол хүүхэд-Уншлагыг дэмжих” хөтөлбөр гарган эхний ээлжинд хүүхэд багачуулын унших номын жагсаалтыг БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газартай хамтран 2-6, 7-11, 12-16 насаар гаргаад байна. Энд Монгол уламжлал, Монголын зохиолчдын номнууд 50 хувь байхаас гадна хөгжлийн явцад өөрчлөгдөж буй өнөөгийн хүүхэд багачуулын амьдрал, нийгмийн хүрээнд тохирох гадаадын уран зохиолын номнуудыг боловсролын системийн хүрээнд оруулсан. Энэ сарын 12-нд болох “Монгол хүн-Хүмүүжлийн аян”-ы удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр багш нарт дээрх номуудыг унших арга зүйн талаар хэлэлцэнэ. “Уншлагыг дэмжих” хөтөлбөрийн дагуу бид Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран эцэг эхчүүд, хүүхдүүдэд өгөх зөвлөгөө, унших номын жагсаалтыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан хүртээх юм. Судалгаагаар эцэг, эхчүүд өдөр бүр хүүхэдтэйгээ 10-20 минут ном уншиж, ярилцаж хэвшвэл хүүхдийнхээ сурах чадварыг 3-4 дахин нэмэгдүүлж, хүүхдийн IQ-г 6 оноогоор өсгөх боломжтой гарсан” гэлээ. Уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлж, шинэ арга, хэрэгсэл нэвтрүүлэх зүрилготой дээрх төслийн үр дүнд нийслэл хотын дүүрэг бүр номын сантай болж, суудлын тоо нь нэмэгдэх юм гэж НИХТ-ын Тэргүүлэгч Д.Мөнхжаргал мэдэгдсэн юм. Мөн ангийн болон гэрийн номын сангаар дамжуулан уншлагын нэмэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон талт ажил өрнөх онцлогтой. Тэргүүлэгчид уг төслийг дэмжиж, хэрэгжүүлэхээр болов.


Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ