Цагдаагийн Авто баазад парк шинэчлэл хийх шаардлагатай гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Авто баазаас сэтгүүлчдэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав. Энэ үеэр тус баазын удирдлагууд албан хаагч, засварчдынхаа хамтран хийсэн автомашины тусгай тоноглолийг сонирхуулж, мөн цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн автомашинуудад бүрэн парк шинэчлэл хийх шаардлагатай болсныг хэлж байв.
Өдөрлөгийн үеэр жагсаал цуглаан, үймээн самууныг усаар шүршиж намжаах үүрэгтэй 5 тонн усны багтаамжтай автомашин, албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж тээвэрлэх 45 хүний суудал бүхий торон бүрхүүл хамгаалалттай автобус, сум нэвтэрдэггүй хуягт автомашин, туулах чадвар сайтай жийп загварын болон бусад суудлын автомашин, ариун цэврийн өрөөтэй, явуулын дугуй засвар, гагнуурын аппарат болон бусад засварын тоноглолтой, камержуулалттай хяналтын цэгийн, гал тогооны зэрэг албан хаагчдын ажил мэргэжлийг хөнгөвчлөх, тэдний хэрэгцээ шаардлагыг хангахуйц бүх төрлийн тоноглолтой автомашинуудаа танилцуулсан юм.
Онцлон хэлэхэд эдгээр автомашины бүхий л тоноглолыг тус баазын засварчид өөрсдөө урладаг байна.
ЦЕГ-ын Авто баазын дарга, хурандаа Ү.Зоригтбаатар “Монгол Улсын аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван байдлыг ханган ажиллахад цагдаагийн албан хаагчдад тусгай техник, автомашин маш чухал. Явган цагдаа хулгайчийг барихгүй. Мөн гамшиг, осол, гоц халдаврт өвчний голомтод ажиллах, онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагаанд бидний тусгай тоноглосон автомашинууд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Бид өөрсдийн нөөц боломжоо ашиглан энэ онд засварчидтайгаа хамтран олон улсын шаардлага хангахуйц тусгай тоноглолыг хийж гүйцэтгэсэн.
Манай авто бааз одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж буй 600 гаруй цагдаагийн автомашины засвар үйлчилгээг хариуцдаг. Тэдгээрийн дийлэнх нь хөдөлгөөнт эргүүлийн насжилт өндөртэй автомашин байх бөгөөд сэлбэг хэрэгсэл ихээр шаарддаг. Тиймээс Авто баазад парк шинэчлэл хийх шаардлагатай байна.
Дуудлага мэдээллийн дагуу 24 цаг тасралтгүй явж буй эргүүлийн автомашины элгэдэл хоргодол их. Тиймээс хөдөлгөөнт эргүүлийн автомашинуудад парк шинэчлэл хийх саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байгаа” гэв.
Тус Авто баазад өнөөдрийн байдлаар ашиглаж байгаа нийт машинуудын 37 хувь нь 5 хүртэл жил, 45 хувь нь 6-10 жил, 12 хувь нь 11-15 жил ашиглаж байгаа бол 6 хувь нь 16-аас дээш жилээр үүрэг гүйцэтгэжээ.
ЦЕГ-ын Автобааз нь Захиргааны удирдлын хэлтэс, Санхүү, аж ахуйн тасаг, Ашиглалтын хэлтэс, Техник, үйлчилгээ, засварын хэлтэс гэсэн бүтэцтэй үйл ажиллагаа явуулдаг. Тус бааз нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд давхардсан тоогоор цагдаагийн 8157 автомашинд техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн байна.