"Завхан АЗЗА" ХК зам арчлалтын дөрвөн ажлыг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-10 10:21:45

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн “Завхан АЗЗА” ТӨХК  өөрийн хариуцан ажилладаг улсын чанартай авто замд өнгөрсөн есдүгээр сард засвар арчлалтын дөрвөн ажлыг хийжээ. Зам засварын ажилтнууд Нөмрөг-Баянтэс-Улсын хил чиглэлийн замын Баянтэсийн гүүрийн нарийссан даланг өргөсгөж засварлах ажлыг хийсэн бол Бууцагаан –Цагаан хайрхан чиглэлийн 91 км авто замд километр тутамд 91 ширхэг км-ийн заалтын тэмдэг, хоёр ширхэг мэдээллийн самбарыг байрлуулжээ.

Түүнчлэн Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн замын 249-258 дахь километр буюу Солонготын даваанд цас цэвэрлэх ажлыг хоёр удаа хийсэн байна. Энэхүү даваанд өнгөрсөн есдүгээр сард хоёр удаа нойтон цас орсны улмаас давааны өгсөх уруудах хэсэгт хальтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зорчин нэвтрэхэд хүндрэл үүсээд байжээ. Мөн “Пирамид проект” ХХК- ний Рашаантын замын 49+200 дахь км-ээс 62 дахь километрт замыг хэсэгчлэн хайргалж модон гүүрийн дээд ангийг засварлах ажлыг тус тус хийсэн байна.

Дашрамд Тосонцэнгэл- Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Шинжан бейшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар замын ажил 90 хувьтай. Харин Тосонцэнгэлийн дөрвөн замаас Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын барилгын, далан суурийн ажил 40 хувьтай  байгаа талаарх мэдээллийг Завхан аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн зам тээвэр, мэдээлэл, холбоо хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбуян мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ