ХААН банкинд 120 сая ам.долларын, урт хугацаат зээлийн санхүүжилт олгохоор боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-03 11:24:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нидерландын Хөгжлийн банк (FMO)-наас дэлхийн нэр хүндтэй хөгжлийн 4 банктай хамтран ХААН банкинд 120 сая ам.долларын урт хугацааны зээлийн санхүүжилт олгох гэрээг ХААН банкны гүйцэтгэх захирал Жон Белл, Нидерландын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Дейв Смит нар үзэглэлээ.

Монгол Улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлт гарсан байдаг. Тэгвэл 2018 онд Монголд гаднаас орж ирж буй, тэр тусмаа хувийн ААН-д оруулж буй томоохон хөрөнгө оруулалт нь ХААН банкинд олгож буй 120 сая ам доллар буюу 300 тэрбум төгрөгийн урт хугацааны зээлийн санхүүжилт болж байна. Нидерландын Хөгжлийн Банкны зүгээс харилцагчиддаа хүргэж буй санхүүгийн үйлчилгээ, ил тод сайн засаглал, санхүүгийн чадавхиас гадна Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажилладаг, мөн жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр Монголдоо тэргүүлэгч банк зэрэг үзүүлэлтийг нь үндэслэн дээрх санхүүжилтийг ХААН банкинд олгож байгаа юм. Энэ ч үүднээсээ ХААН банкыг Монгол дахь чухал түншээ хэмээн онцолж, томоохон итгэл хүлээлгээд байна. Хамтарсан зээлийн санхүүжилтийг зохион байгуулагч Нидерландын Хөгжлийн банк (FMO) нь 45 сая ам.доллар, Германы Хөрөнгө оруулалт хөгжлийн банк (DEG) 23 сая ам.доллар, Бельги улсын хөгжиж буй орнуудыг дэмжих Хөгжлийн агентлаг (BIO) 17 сая ам.доллар, Олон улсын хөрөнгө оруулалтын банк (IIB) 20 сая ам.доллар, Австрийн Хөгжлийн банк (OeEB) 15 сая ам.долларыг тус тус бүрдүүлж буй юм. Гэрээнд гарын үсэг зурах үеэр ХААН банкны Гүйцэтгэх захирал Жон Белл хэлсэн үгэндээ “Нидерландын Хөгжлийн Банкнаас манай банкинд итгэл хүлээлгэж, урт хугацаанд хамтран ажиллаж байгаад баяртай байна. Энэ хамтын ажиллагаа нь ХААН банкны амжилттай өсөлт, санхүүгийн эх үүсвэрийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулаад зогсохгүй цаашид олон улсын санхүүгийн бусад байгууллагуудаас эх үүсвэр татах боломжуудыг бидэнд бүрдүүлж өгч байна. Томоохон дүн бүхий энэ санхүүжилтийг авснаар бид Монголын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдэд илүү өргөн хүрээнд, хүртээмжтэй, хямд, таатай нөхцөлөөр зээл олгох юм” хэмээн онцоллоо. Нидерландын Хөгжлийн Банкны Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Линда Брокуйзен “ХААН банктай ийнхүү урт хугацаанд, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж байгаадаа баяртай байна. 120 сая ам.долларын хамтарсан санхүүжилтийг олгосноор тус банкны 2.4 сая харилцагч төдийгүй Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ. ХААН банкны зүгээс жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд ихээхэн анхаарч ирсэн бөгөөд бичил болон жижиг дунд бизнесийнхэнд хамгийн хүртээмжтэй, хямд, таатай нөхцөлтэй зээл олгоход энэхүү санхүүжилтийг 100 хувь зарцуулахаар төлөвлөж буй. 120 сая ам долларын урт хугацаааны зээлийн санхүүжилтийг авч чадсан нь Монгол улсын эдийн засаг сайжирч, хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл сайжирч байгаагийн дохио юм. Мөн долларын ханш өсөж, импортын хэмжээ нэмэгдэж буй энэ үед гаднаас өндөр дүнтэй валютын урсгал орж ирэх нь валютын нөөцийг нэмэгдүүлэх, ханшийг тогтворжуулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монголбанкны удирдлагын төлөөлөл, ХААН банкны ТУЗ-ийн дарга ноён Хидео Савада, “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан тэргүүтэй ТУЗ-ийн гишүүд оролцлоо.

Тодруулга: Нидерландын Хөгжлийн Банк (FMO) нь хувийн хэвшлийн хөгжлийн томоохон банкуудын нэг бөгөөд хөгжиж буй орнуудад, ялангуяа жижиг дунд бизнесийг дэмжих зорилгоор сүүлийн 48 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийж ирсэн. Бизнес эрхлэгчдэд илүү таатай орчин бүрдүүлэх зорилготой. Өдгөө 85 оронд санхүүгийн байгууллага, эрчим хүч, ХАА-н салбарт нийт 9.8 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байна. ХААН банк нь Монгол орон даяар 536 салбар, нэгжийн 5000 гаруй ажилтнаараа дамжуулан хүн амын 75 хувь болсон 2.4 сая гаруй харилцагч иргэн, 2 сая карт эзэмшигч (хүн амын 65 хувь), 53 мянга орчим харилцагч байгууллага, бизнес эрхлэгчдэд банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна. ХААН банк нь орон даяар байрлах 142 экспресс банк, 1,121 АТМ, 12.000 гаруй картаар үйлчлэгч байгууллага, 15.466 карт уншигч ПОС машинтай Монгол Улс дахь цахим банкны хамгийн өргөн сүлжээг бүрдүүлээд байна. 

Холбоотой мэдээ