Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг иргэд ухаалаг гар утаснаас мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-02 17:57:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцох зорилгоор Тээврийн цагдаагийн алба /ТЦА/, Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/ хамтран “E-Police” ухаалаг гар утасны аппликейшнийг энэ сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүллээ.


Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо ихэвчлэн урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээг зөрчих, уулзвар, гарц хааж зогсох, уулзварт давхар эргэх, гэрэл дохио зөрчих зэрэг зөрчил гаргадаг байна. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг ихээхэн нэмдэг аж. Иргэд “E-Police” ухаалаг гар утасны аппликейшнийг ашиглан, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн зургийг гурван өөр байршлаас авч илгээснээр ЗХУТ-өөс тухайн жолоочид хариуцлага тооцно. Мөн тухайн иргэнд гар утасаар нь дамжуулан зөрчил гаргасан жолоочид хүлээлгэсэн хариуцлагын мэдээллийг хүргэх юм.


ЗХУТ-ийн дарга Д.Одбаяр, “Иргэдийн илгээсэн зураг ЗХУТ-ийн сүлжээнд ирэхэд байршил, цаг хугацаа, орон зайг тооцон компьютер автоматаар шалгах юм. Шалгаад зөрчил хэмээн үзвэл уг мэдээллийг ЗХУТ, ТЦА-ны холбогдох ажилтанд илгээх юм. Гэхдээ ирүүлсэн зураг бүрийг зөрчил гэж тооцохгүй. Мөн хуулсан болон эвлүүлсэн, засаж, янзалсан зураг оруулахгүй байхаар програмчилсан” гэв.


Иргэд тус аппликейшнийг "Playstore", "Appstore"-оос гар утсандаа үнэ төлбөргүй татаж авах боломжтой юм.



Холбоотой мэдээ