Баянхонгор, Дархан-Уул аймагт алтны сорьцын хяналтын лаборатори нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-01 17:51:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанкинд тушаахад орон нутгаас ирэх зардлаас гадна аюулгүйн тал дээр эрсдэлтэй байдаг тул төв болон баруун бүсэд алт сорьцлох хяналтын лаборатори байгуулахаар болоод байна.

Манай улсад анх 1997 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Бороогийн алтны ордын орчим иргэд хувиараа алтны хүдрийн орд олборлож эхэлснээр ашигт малтмал хувиараа олборлох үйл ажиллагаа буюу бичил уурхай эхэлсэн гэж үздэг байна. Үүнээс хойш тухайн иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж алт олборлох нөхцлийг бүрдүүлсэн юм. Ингэснээр бичил уурхай эрхлэгчид нөхөрлөл, хоршоо байгуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, нийгмийн даатгал, мөн татвар төлж зөвшөөрсөн газар нутагт үйл ажиллагаагаа явуулах болсон. Хөл дээрээ зогссон зарим нэг нь алт олборлосон газарт байгалийн нөхөн сэргээлт хийж байгаа. Тэгвэл өнгөрсөн хугацаанд бичил уурхай эрхлэгчдэд олборлосон алтаа тушаах нь хүндрэлтэй асуудлын нэг болоод байна. Тодруулж хэлбэл, тэд олборлосон алтаа тушаахын тулд заавал сорьцлуулсан байх ёстой юм. Ингэхийн тулд зөвхөн нийслэл хотод ирэх шаардлага үүсдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд Дархан-Уул, Баянхонгор аймагт алт сорьцлох хяналтын лаборатори байгуулснаар иргэд, ААН-үүд буюу бичил уурхайчид итгэмжилсэн байгууллага, банкинд алтаа тушаах боломжтой болох юм. Энэ талаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Д.Алтансүхаас тодруулахад, “Өнөөгийн алтны нийлүүлэлт гэвэл бичил уурхай эрхлэгчид болон хувиараа алт олборлогч иргэдийн хувьд олборлосон алтаа орон нутгийн ченжүүдэд өгдөг, тэд нар болон аймгийн наймаачдад нийлүүлээд хотод авчирч Монголбанкинд тушаадаг сүлжээтэй байгаа. Энэ байдлыг өөрчлөх үүднээс Монголбанк, “Тогтвортой бичил уурхай” төсөл, Сорьцын хяналтын газар хамтран орон нутагт олборлосон алтыг албан ёсоор сорьцлож газар дээр нь үнэлээд, тэнд нь Монголбанк болон тус банкнаас эрх олгосон итгэмжилсэн төлөөлөгч худалдан авдаг больё гэж байгаа юм. Ингэснээр:

• Алтны нийлүүлэлтийн сүлжээ албажих,

• Бичил уурхайчид болон хувиараа алт олборлогч иргэд илүү үр ашигтай тусах,

• Олборлон тушааж буй алтны гарал үүсэл тодорхой болох зэрэг ач холбогдолтой юм гэв.


500-1000 км газарт алт олборлож буй иргэд алтаа тушаах гэж Улаанбаатар хотод ирэх нь санхүү, эдийн засгийн хувьд ирж очих зардлаас эхлээд тээвэр, хамгаалалтын асуудал эрсдэлтэй тусдаг байна. Тэгвэл төв болон баруун бүсэд сорьцын лаборатори байгуулснаар дээр гарч болох бүх эрсдлийг бууруулж чадна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн эксперт Н.Уранчимэг энэ талаар, “Алтны нийлүүлэлтийн сүлжээ албан бус байгаад нөлөөлж буй бас нэг зүйл нь худалдааны төвлөрсөн байдал юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад зөвхөн Монголбанк, Үнэт металлын сорьцын газраас зөвшөөрсөн сорьц бүхий алтыг худалдан авч байгаа. Гэтэл худалдан авдаг цэгүүд нь зөвхөн нийслэл хотод байрладаг. Энэ нөхцөлд бичил уурхайгаар бага хэмжээгээр олборлосон алтыг цуглуулж аваад Улаанбаатарт авчирч тушаах нь төвөг чирэгдэл ихтэй, эрсдэлтэй үйл ажиллагаа болоод байдаг. Тиймээс худалдааны төвлөрлийг сааруулах ажлыг хийх шаардлагын үүднээс бид хамтран алт сорьцлох төвүүдийг орон нутагт байгуулах ажлыг туршилтаар эхлэх гэж байна” гэв. Түүнээс гадна өмнө нь алт тушаахад өндөр татвартай байдгаас болж иргэд, ААН-үүд Монголбанкинд тушаах алтаа хувь хүн наймаачдад өгөх, хууль бусаар хил гаргах явдал их байв. Харин Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгосноор Төв банкинд тушаах алтны хэмжээ өнгөрсөн жилүүдэд нэмэгдэж ирсэн юм. Энэ хувь хэмжээний үйлчлэх хугацаа ирэх 2019 онд дуусгавар болох тул үүнийг 5 жилээр сунгах саналыг бичил уурхайчид холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна. Энэ талаар мөн маргааш болох “Алтны форум” дээр дуулгахаа мэдэгдэж байна.

Тодруулга: Энэ оны наймдугаар сарын байдлаар Монголбанк иргэд, ААН-үүдээс 12.2 тонн алт худалдан аваад байна.

Б.Болд   

Холбоотой мэдээ