"Уулс дундах ертөнц" гэрэл зургийн үзэсгэлэн Баян-Өлгийчүүдийн хүртээл боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн залуу гэрэл зурагчин Н.Нуржас Өлгий хотын төв талбайд "Уулс дундах ертөнц" бүтээлийн үзэсгэлэнгээ 10 дугаар сарын 01-нд дэлгэлээ.
Тэрээр голдуу байгалийн зураг авдаг бөгөөд сүүлийн таван жилийн турш дурандаа буулгасан зурагнуудаасаа шилж 50 зургийг үзэсгэлэндээ тавьжээ.
Н.Нуржас, "Бие даасан үзэсгэлэнд Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт байгаль, казах түмний ахуй амьдрал, ёс заншлын онцлогийг харуулсан зурагнууд бий. Мөн тус аймагт тавигдаж буй анхны гэрэл зургийн үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой. Өөрсдийн амьдарч байгаа газар нутаг, байгалиа ямар үзэсгэлэнтэй болохыг нутгийн иргэдэд харуулах, мөн төрсөн нутгаа сурталчлах зорилгоор өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна" гэлээ.
Н.Нуржасын хувьд 2015 оноос Монголын гэрэл зурагчдын холбооноос зохион байгуулсан уралдаан тэмцээнүүдэд оролцож эхэлсэн байна. 2016 онд манай орны 400 гаруй зурагчин 2800 орчим бүтээлээр оролцсон "Монгол, монголчууд миний дуранд" уралдаанд түүний өвлийн нүүдлийн цуврал зургууд нь "Миний эх орон Монгол" төрөлд тэргүүн байрны шагнал хүртэж байжээ. Мөн 2017 онд түүний бүтээл "Монголын гэрэл зураг" уралдааны шилдэг 100 бүтээлийн нэгээр тодорсон аж.
"Баян-Өлгий аймгаа хэд хэдэн удаа тойрсон. Одоо Монгол улсын бүх аймгуудыг, цаашлаад дэлхийг тойрч гэрэл зураг авна" хэмээн залуу зурагчин ирээдүйн зорилгоо тодорхойлжээ.
Ө.Нурболат