БНН: Улстөрчид амлалтаа биелүүлэхгүй байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-10-01 14:53:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улстөрчид амлалтаа биелүүлэхгүй, шүүх засаглал ажлаа шударгаар хийхгүй байгаад дүгнэлт хийх цаг ирлээ” хэмээн БНН-аас өнөөдөр илэрхийллээ.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригт хэлэхдээ, “Бид өнөөгийн эрх баригчид, улстөрчдийг шүүмжлэхдээ бус хийж бүтээх боломжийг харж хүлээсэн боловч улс оронд болж буй үйл явдал, нөхцөл байдал дүгнэлт хийхээр хязгаарт очиж, тэвчишгүй байдал бий боллоо” гээд Монгол Улсын Ерөнхийлөгч гарч ирэхдээ оффшорчидтой тэмцэнэ, “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмэнд өгнө гэх мэтээр амлаж байсан, өнөөдөр байдал эсрэгээр явж байна, улстөрчид амлалтаа биелүүлэхгүй байна” гээд улс оронд хариуцлагагүй байдлаас болж хулгай луйвар нүүрлэж байна гэж орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн жишээн дээр хэлж байв. “Үнэндээ нүүрсэн дээр дээрх компанийн ТУЗ-ийн хэдэн нөхөд хуйвалдан завшаад байгаад бус, тэдэнд ийм боломжийг төр, засгийнхан, улстөрчид өгч байгаад хамаг хэрэг оршиж байгаа юм. “ТТ” ХК-иас улстөрчдөд хандив тусламж их өгсний хариуд завшигч нөхдөд нүүрс ухаж зөөх боломжийг олгосон” гэж БНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригт хэлж байв. “Энэ талаар та бүхэнд тодорхой жишээ баримт байна уу?”, “Улс орны байдалд дүгнэлт өгөхдөө БНН-аас ямар санал тавьж байна?” гэсэн сэтгүүлчдийн асуултанд “Төр, засгийнхан ажлаа шударгаар хийх явдал чухал байна” гэсэн хариу өгч “Холбогдох баримтуудыг цаг нь болохоор гаргаж тавина” гэснээр хэвлэлий хурал өндөрлөв.

Б.Болд 

Холбоотой мэдээ