Анхны архитектор Б.Чимэдийн нэрэмжит гудамжтай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-28 16:47:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Саяхан хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэл хотын зарим гудамж, талбайг нэршүүлэх талаар хэлэлцэх үеэр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга, “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хотын хаягжуулалт, бүртгэлийг нягталж, нэгдсэн системд холбохоор ажиллаж байгаа” талаар мэдээллээ.

Хурлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг, Бээжингийн гудамжнаас Болгарын гудамж хүртэлх буюу Усан спорт сургалтын төвийн урд хэсгийг Улаанбаатар хотын анхны ерөнхий архитектор Б.Чимэдийн нэрээр нэрлэхээр болсон юм.

Улаанбаатар хотын анхны архитектор Б.Чимэд агсны мэндэлсний 100 жилийн ойг ирэх 10 дугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болж, Монголын Архитекторын эвлэлээс тухайн гудамжийг Б.Чимэд агсны нэрээр нэрлэх санал ирүүлсэн байна. Архитекторч Б.Чимэд агсан УДЭТ, МҮЭ-ийн ордон, Залуучуудын ордон, "Улаанбаатар" зочид буудал, Дархан хотын ерөнхий төлөвлөгөө зэрэг 93 барилгын зураг төслийг боловсруулсан архитекторч юм.

Холбоотой мэдээ