Судалгаанд оролцогсдын 70 хувь нь Хятад хүнийг "сайн мэддэггүй" гэжээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2016-02-26 13:42:46

“Хятад орон, Хятадын ард түмний талаарх Монголчуудын санал бодол” судалгааны ажлын үр дүнг өнөөдөр МУИС-ийн дугуй танхимд танилцууллаа. 

Судалгааг Хятад орон, хятадын ард иргэдийн тухай Монголын олон нийтийн үнэлэмж, төсөөлөл, иргэд болоод улс хоорондын харилцааны төлөв байдал, цаашдын чиг хандлагын талаарх тэдний санал бодлыг судлах зорилгоор МУИС-ийн Күнзийн институт, МУИС-ШУС-ийн Социологи нийгмийн ажлын тэнхим хамтран явуулжээ.

Энэхүү судалгааг өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөний дагуу 5 бүс, нийслэл хотын 3000 хүнийг хамруулан өрхөд суурилсан түүврийн аргаар явуулсан байна.

Судалгаанд оролцогчид хятад орны талаарх ойлголт, мэдлэг харьцангуй багатай ч хятад улсыг төсөөлөх төсөөлөл болоод хүлээлт харьцангуй эерэг гарчээ. Хятад улс гэж сонсоод хамгийн түрүүнд хөрш орон, хурдтай хөгжиж байгаа хүчирхэг эдийн засаг, монголчууд олноор зорчиж наймаа хийдэг гэх хариулт хамгийн өндөр хувийг эзэлжээ.

МУИС-ийн дэд захирал О.Мөнхбат хэлэхдээ, “Хятад гэхээр бид хөршийн хувьд сайн мэддэг юм шиг санагддаг. Гэтэл судалгааны дүнгээс үзэхэд "сайн мэддэггүй" гэж хүн амын 70 гаруй хувь нь хариулсан. Мөн 58 орчим хувь нь хятад хүний хувийн зан чанарын талаар ойлголт муутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эерэг талаас нь хятад хүнийг ажилсаг хөдөлмөрч, хичээнгүй зан чанартай хэмээн 57 хувь нь үзсэн бол 63.7 хувь нь энэ зан чанараас суралцах хэрэгтэй гэж хариулав. Харин сөрөг талаас нь муу санаатай, итгэж болохгүй, хувиа хичээсэн гэсэн хандлага өндөр хувьтай байв" гэсэн юм. 

Судалгаанд оролцсон иргэдийн тэн хагас нь Монгол, Хятадын харилцаа эрчимтэй хөгжиж байна гэдэгт итгэлтэй, санал нэгтэй байдаг байна. Мөн хоёр улсын харилцааны өнөөгийн хүрсэн түвшин, ололт амжилтын талаар судалгаанд оролцсон иргэдийн тал хувь нь зохих түвшний мэдлэгтэй явдаг байна.

Цаашид тус судалгааны баг ӨМӨЗО-ны Их сургуультай хамтарч “Хятад хүний нүдээр монгол орон, монгол хүн” сэдэвт судалгаа хийхээр төлөвлөжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ