Тариалангийн бүсийн сумд цасанд даруулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-22 11:45:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас авсан мэдээллээр энэ сарын  18-ны байдлаар 17.9 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 29.4 мянган га-гаас 47.2 мянган тонн үр тариа, 3.6 мянган га-гаас 85.3 мянган тонн төмс, 4.1 мянган га-гаас 48.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

 

Харин газар тариалангийн бүс нутгийн цаг уурын нөхцөл байдлын талаар мэдээлэхэд Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг сумын нутаг бага зэргийн цастай, бусад бүх сумын нутагт 25-30 см зузаан цас орж тариалангийн талбай цасанд даруулаад байна. Ялангуяа Хүдэр, Ерөө сумын хувьд байдал илүү хүнд байна. Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг цасгүй, Сүмбэр сум бага зэрэг цастай, Жаргалант, Цээл, Угтаалцайдам, Борнуур, Баянчандмань, Баянцогт сумын талбай цасанд дарагдсан байдалтай байна. Төв аймгийн Жаргалант, Борнуур сум хамгийн их цастай буюу 30 см орчим зузаан цас оржээ. Дархан-Уул аймагт цас их орсон боловч одоогийн байдлаар хайлаад байна. Хөвсгөл, Булган аймагт цас бага орсон учир цагийн байдал хүндрээгүй байгаа талаар мэдээллээ.

 

Тариаланчдын хувьд үтрэмд байгаа буудайг яаралтай тушаан үтрэмээ чөлөөлж чийгтэй буудайг хатааж авах бэлтгэлийг хангах, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, замын байдал хүндэрсэн талаар арга хэмжээг авах саналыг Ургацын штабаас ирүүлэв.

 

 

Холбоотой мэдээ