Байнгын хорооны гишүүд Батлан хамгаалах яаманд ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-26 09:46:01

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, УИХ-ын гишүүн Л.Болд, С.Оюун болон тус байнгын хорооны ажлын албаныхан Батлан хамгаалах яаманд ажиллалаа.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон салбарын бодлого, үйл ажиллагааг байнгын хорооны гишүүдэд танилцуулж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэв. Батлан хамгаалахын сайд оны өмнө батлагдсан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт нийцүүлэн зарим салбарын багц хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс санаачлан УИХ-д өргөн мэдүүлснийг дурдаад уг хуулиудын төсөлд тусгагдсан зарим зүйл, заалтыг онцлов. Түүнчлэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байгаа. Мөн “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгааг дурдав.

Энэ үеэр байнгын хороодын гишүүдийн сонирхсон асуудалд Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар хариулт өгч, харилцан ярилцав. Мөн Батлан хамгаалах яамны удирдлагууд "Энэ жил манай салбараас 300 гаруй цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн боловч төсвийн хүндрэлтэй байдлаас үүдээд тэтгэвэр, тэтгэмжийг нь олгох боломжгүйгээс тэднийг тэтгэвэрт нь гаргаж чадахгүй байна. Мөн гадаадад суралцаж байгаа сонсогч оюутнуудынхаа орон байрны зардал, цалинг нь ч өгч чадахгүй байгаа. Иймээс төсвийн тодотголоор 10 орчим тэрбум төгрөг суулгаж өгвөл асуудал шийдэгдэнэ" гэлээ.

Байнгын хорооны дарга М.Сономпил Батлан хамгаалахын багц хуулийн төслийг манай байнгын хорооны гишүүд дэмжиж ажиллана хэмээн уулзалтын төгсгөлд онцоллоо.

Холбоотой мэдээ