Үлдэгдэл хөрөнгийг юунд зарцуулах бол?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 09:04:57

Баян-Өлгий аймаг төсвийг хэмнэлттэй зарцуулах бодлогын дагуу 2015 оны дансыг гурван зуун сая төгрөгийн үлдэгдэлтэй хаасан байна. Уг мөнгийг юунд зарцуулах эсэхээ гуравдугаар сарын дөрвөнд хуралдах ИТ-ийн хуралдаанаар хэлэлцэнэ гэж аймгийн төрийн сангийн хэлтсийн дарга Б.Шолпан мэдэгдлээ.

Энэ мөнгийг цалин, тэтгэвэр тэтгэмж, өвс тэжээл авах мөнгөгүй болсон малчид зэрэг олон түмний өнөөгийн тулгамдсан асуудалд зарцуулах болов уу, аль эсвэл хаваржилтын байдалтай танилцах далимаар сонгуулийн сурталчилгаа хийх болов уу? Аль эсвэл анх 900 сая төгрөгийн хөрөнгөөр баричихна гээд өдий болтол дуусгаагүй гурав дахь жилдээ үргэлжилсээр байгаа төв талбайд гантиг чулуу тавих далимаар түүнээс илүү их мөнгө гаргаж завсраас нь завших болов уу гэж хүмүүс ажиглаж байна. Уг талбайн ажлыг гүйцээхэд 200 сая төгрөг нэмж гаргана гэж дарга нар зүтгээд байгаа гэсэн болохоор ийм хардлага төрөөд байна.

Шолпан даргын ярьж байгаагаар бол интернетийн сүлжээнд холбогдоогүй Булганаас бусад нийт сум, албан байгууллагуудын төсвийн зарцуулалтыг интернетийн сүлжээнд оруулж дууссан, гэхдээ хэрэгжилт нь хараахан хангалттай болоогүй байгаа ажээ. Эдийн засгийн ил тод байдлын хуулийн дагуу 74 байгууллага тайлангаа өгч байгаа, бүртгэлд орсон байгууллагын тоог хэлэх боломжгүй юм байна. 2015 онд боловсролын байгууллагад 760 сая төгрөг дутуу ирсэн, 500 сая төгрөгийн өглөгтэй гарсан бол орон нутгийг хөгжүүлэх сангийн 750 сая төгрөг дутуу ирсэн байна. Төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулах, үрэн таран хийх зөрчлийн хэмжээ 2015 онд зургаа дахин буурсан явдал бидний гол амжилт, хөрөнгөө хэмнэхийн тулд орон тоо цомтгох, цалинг бууруулах аргаар биш тэтгэвэрт гарсан, өвчтэй хүмүүсийн оронд хүн томилохгүй байх зэрэг арга хэрэглэж байна гэж тэр ярилаа.     

                                        Ш.Айзаря

Холбоотой мэдээ