“ITALIА” сонгодог уянгын үдэш тоглолт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМанай улсад Италийн ЭСЯ нээх гэж буйг тохиолдуулан “ITALIА” сонгодог уянгын үдэш тоглолтыг “Гранат мюзик” продакшн, УДБЭТ хамтран ирэх сарын 03-нд зохион байгуулна.
“Гранат мюзик” продакшн Италийн хөгжмийн зохиолчдын нотыг гурван жилийн хугацаатай худалдан аваад буй юм. Ингэснээр XIX-XXI зууны үеийн Италиас гаралтай дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлийг албан ёсны эрхтэйгээр толилуулах нь.
Тус тоглолт дуурь, киноны хөгжим гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Киноны хөгжмийг төгөлдөр хуурч Б.Анар удирдах бол дуурийг Италийн Венецын удирдаач Роберто Салвалаио дохих аж.
Тоглолтын завсарлагаар хүрэлцэн ирсэн үзэгчид Toscana мужийн алдарт вино амтат хоол бүхий хүлээн авалтаас гадна ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репины нэрэмжит Улсын Академи буюу Оросын эзэн хааны уран зургийн академийн багш, зураач Б.Отгонтүвдэнгийн 2014 оноос Италид ажиллаж амьдарч байхдаа зурсан сонгодог шилмэл зургуудыг сонирхох боломжтой.
Тоглолтын тасалбарыг 40-100 мянган төгрөгөөр УДБЭТ-ын кассаар худалдаалж байна.
Ж.Болор