СЗХ-нд мөнгө угаахтай тэмцэх нэгжийг байгуулахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-20 11:31:35


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны бүтцэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нэгжийг байгуулахаар болоод байна.

Дээрх нэгжийг Азийн Хөгжлийн банк (АХБ)-наас СЗХ, Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх чиглэлийн төслийн хүрээнд байгуулж байна. Үүний дагуу АХБ-наас шинээр байгуулах нэгжийн ерөнхий бодлого, шалгалтын үйл ажиллагааны арга аргачлалыг танилцуулах зорилгоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга зам, аргачлал, хяналт” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч нар хамрагдаж байгаа бөгөөд мөнгө угаах санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн АХБ-ны олон улсын зөвлөх Гари Гэгэнхаймер сургалтыг удирдан явуулж байна. Хоёр дахь өдрөө зохион байгуулж буй энэхүү сургалтаар эрсдэлийн үнэлгээ, харилцагчийн тодорхойлолт ба түүнийг таньж мэдэх нь, дотоод аудитын үүрэг, хяналт шалгалтын дүгнэлт боловсруулах болон шалгалтын дараах үйл ажиллагаа зэрэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шинэ нэгжийн үйл ажиллагаатай холбогдох бүхий л чиглэлээр хянан шалгагчдыг сургаж байна. Түүнчлэн төслийн хүрээнд холбогдох гарын авлагыг гаргаж, СЗХ-ны хянан шалгагчдад гарын авлагын агуулга, зорилго, хэрэглээний талаар дэлгэрэнгүй танилцуулж байна.

Б.Болд

 

 

Холбоотой мэдээ