Прага хот Бээжинтэй ах, дүү болохоос татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-23 14:47:29

ПРАГА. /TASS/. Чехийн нийслэл Прага хот Бээжин хоттой ах,дүү хот болохоос татгалзжээ. Прага хотын зөвлөлийн эрх баригчид Хятад болон тус хотын бодлогыг нэг гэдгийг хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээх тухай заасан, Хятадын талаас санал болгосон холбогдох гэрээний төслийг батлахаас татгалзлаа гэж “Прагын өдөр тутмын мэдээ” сонин мэдээлжээ.

“Бээжин хоттой ах дүү ёсоор хамтран ажиллах тухай гэрээнд Прагын эрх баригчид гарын үсэг зурахгүй. Даваа гарагт Хотын зөвлөлийн гишүүд холбогдох гэрээг баталсангүй. Талууд худалдаа, аялал жуулчлал, соёлын салбарт хамтран ажиллах ёстой байв. Бээжингийн эрх баригчдын санаачилсан гэрээний төсөлд Хятад болон Прагын бодлогыг нэг болохыг хүлээн зөвшөөрөхийг Чехийн нийслэлд үүрэг болгосон байсан” гэж тус сонинд онцлон тэмдэглэжээ.

“Хятадын бодлогыг, мөн Тайвань Хятадын салшгүй нэг хэсэг болохыг Прага хүлээн зөвшөөрнө” гэсэн уг баримт бичгийн заалтыг хүлээн зөвшөөрөхөөс Чехийн нийслэл хотын эрх баригчид татгалзсан байна.

Гэрээний төсөлд хоёр улсын нийслэл хот хооронд ах дүүгийн харилцааг ирэх таван жилд хөгжүүлнэ гэж тусгажээ.

Чех, Хятадын худалдаа-эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаа юм. Хятад тус улсын эдийн засагт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, мөн Хятадын жуулчид Чехэд хамгийн олноороо аялдаг жуулчдын нэг болжээ. Үүнд  Прага болон Бээжингийн хооронд өнгөрсөн оноос шууд нислэг үйлддэг болсон нь нөлөөлсөн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ