Оросууд Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-23 11:27:54

МОСКВА. /TASS/. Өнөөдөр ОХУ-д Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэж байна. Энэ баярыг 1922 оноос Улаан арми байгуулагдсан ойн өдрийн хувиар тэмдэглэдэг байсан бөгөөд 1993 он хүртэл “Зөвлөлтийн Арми болон Тэнгисийн цэргийн флотын өдөр” гэж нэрлэдэг байжээ.

Эх орноо хамгаалагчийн өдрийн баярын арга хэмжээний салшгүй нэг хэсэг бол Кремлийн хананы дэргэдэх Нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн булшинд цэцэг өргөх юм. Уламжлал ёсоор уг арга хэмжээнд Оросын төрийн тэргүүн оролцдог. Мягмар гарагт Владимир Путин эх орныхоо төлөө амиа өгсөн дайчдын дурсгалыг хүндэтгэхээр Александрын цэцэрлэгт хүрэлцэн ирнэ.

Цэцэг өргөх ёслолд ихэвчлэн Оросын Засгийн газар болон Кремлийн захиргааны гишүүд, парламентын удирдлагууд, хүчний байгууллагуудын төлөөлөгчид, Аугаа эх орны дайны ахмад дайчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцдог.

Эх орноо хамгаалагчийн өдрийг Оросын Зэвсэгт хүчний цэргийн бүх анги нэгтгэл тэмдэглэдэг байна. Ялангуяа тэнгисийн цэргүүд энэ өдрийг онцгойлон тэмдэглэдэг аж.

Их буучид орон нутгийн цагаар 21 цагт нийслэл Москва хотод, баатруудын хотууд болох Петербург, Волгоград, Керчи, Мурманск, Новороссийск, Севастополь, Смоленск, Тулад, мөн цэргийн тойргууд, флотууд, цэргийн нэгдсэн армийн анги нэгтгэлүүд болон Каспийн тэнгисийн флотын штабууд байрладаг хотуудад ёслолын буудлага хийнэ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ