АНУ, ОХУ хоёр дэлхийн томоохон зэвсэг экспортлогч хэвээр байна

Дэлхийд
jargal@montsame.mn
2016-02-22 16:46:31

СТОКГОЛЬМ. /RIA Novosti/. АНУ болон ОХУ дэлхийн томоохон зэвсэг экспортлогч хэвээр байгаа тухай Стокгольмын энхийн асуудлыг судлах олон улсын хүрээлэн /Stockholm International Peace Research Institute, SIPRI/ 2011-2015 оны ердийн зэвсэг болон цэргийн техникийн гол гол төрлүүдийн экспортын талаарх мэдээлэл нийтэлсэнтэй холбогдуулан мэдээлжээ.

Тус хүрээлэнгийн мэдээллийн бааз 1950 оноос хойших үеийг хамардаг бөгөөд шинжээчид нь олон улсын зэвсгийн худалдааны чиг хандлагыг тодорхойлохын тулд таван жилийн үзүүлэлтэд үндэслэдэг байна.

“SIPRI” хүрээлэнгээс нийтэлсэн мэдээллээс үзвэл, зэвсэг экспортлогч томоохон таван орны жагсаалтыг зэвсгийн экспорт нь дэлхийн зэвсгийн экспортын 33 хувийн эзэлдэг АНУ урьдын адил тэргүүлсэн хэвээр байна. Тус улсын гол үйлчлүүлэгчдээр ажиглагчид Саудын Араб /9.7 хувь/, Арабын Нэгдсэн Эмирт Улс /9.1 хувь/ болон Турк /6.6 хувь/ улсыг нэрлэжээ.

“SIPRI” хүрээлэнгийн мэдээлснээр, Америкийн зэвсгийг худалдан авагч томоохон бүс нутаг нь Ойрхи Дорнод болсон байна. Тус бүс нутагт АНУ-ын экспортын 41 хувь нь ногдсон бол Ази, Номхон далайн орнуудад 40 хувь нь ногджээ.

АНУ-ын ердийн зэвсгийн гол төрлүүдийн экспортын хэмжээ сүүлийн таван жилд 2006-2010 оныхтой харьцуулахад 27 хувиар өссөн байна.

Зэвсэг экспортлогч томоохон орнуудын жагсаалтын хоёрдугаарт, ОХУ оржээ. Тус улсын экспорт олон улсын зэвсгийн экспортын 25 хувийг эзэлсэн байна. Оросын зэвсгийн экспорт 2006-2010 онд ерөнхийдөө өссөн бөгөөд 2011-2015 онд 28 хувиар өссөнийг шинжээчид онцолж байна. Үүний сацуу Оросын экспорт 2014, 2015 онд удаашрах хандлага ажиглагдсаныг уг жагсаалтыг гаргагчид онцлон тэмдэглэжээ.

Энэтхэг /39 хувь/, Хятад /11 хувь/ болон Вьетнам улс /11 хувь/ сүүлийн таван жилд Оросын зэвсгийг худалдан авагч гол орнууд болсон байна.

2011-2015 онд Оросын зэвсгийн экспортын 68 орчим хувь нь Ази, Номхон далайн орнуудад ногджээ.

Москва мөн Европын зэвсгийн зах зээлд /6.4 хувь/ байр сууриа бэхжүүлж чадсан байна. Европт нийлүүлдэг зэвсгийн хэмжээ 264 хувиар өссөнийг “SIPRI” хүрээлэнгийн шинжээчид тэмдэглэжээ.

Тус хүрээлэнгийн жагсаалтын гуравдугаарт Хятад орж байна. Хятадын зэвсгийн экспорт олон улсын экспортын 5.9 хувийг эзэлжээ. Дөрөвдүгээрт Франц /5.6 хувь/ орсон бол сүүлийг Герман /4.7 хувь/ мушгисан байна.

Эдгээр таван орны 2011-2015 оны зэвсгийн нийт экспортын хэмжээ өмнөх таван жилийнхээс бараг 74 хувиар өсчээ.

“SIPRI” хүрээлэнгийн мэдээлснээр, сүүлийн таван жилд зэвсэг импортлогч дэлхийн томоохон арван орны тоонд Ази, Номхон далайн зургаан орон багтсан нь Энэтхэг, Хятад, Австрали, Пакистан, Вьетнам болон Өмнөд Солонгос юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ