Малайзад хүчтэй үер бууж, 7900 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-02-22 13:22:13

СИНГАПУР. /TASS/. Малайзын зүүн эргийн бүс нутагт хүчтэй үер буусны улмаас тус улсын эрх баригчид 7900 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Энэ тухай байгалийн гамшигт хамгийн ихээр өртсөн  Саравак мужийн Иргэний хамгаалалтын газар мэдээлсэн байна.

“Одоогийн байдлаар түр хугацаагаар шилжин суурьшигчдыг хүлээн авах 47 цэг нээсэн бөгөөд дийлэнхэд нь Саравак мужийн засаг захиргааны төв болох Кучинг хотын оршин суугчдыг байрлуулсан” гэж тус мужийн Иргэний хамгаалалтын газар мэдэгджээ.

Цаг уурчдын мэдээлснээр, ойрын хэд хоногт цаг агаар сайжирч, үер дагуулж, хөрсний гулгалт үүсгэсэн ширүүн бороо зогсох аж.

2014 оны 12 дугаар сард Малайзын олон бүс нутагт сүүлийн 50 жил дэх хамгийн хүчтэй үер бууж байв. Тухайн үед байгалийн гамшигт 10 хүн амиа алдаж, хэдэн мянган хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрсэн бол эдийн засагт 800 сая гаруй долларын хохирол учирчээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ