Керри: АНУ, ОХУ Сирид гал зогсоох урьдчилсан хэлэлцээр байгуулсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-22 09:14:04

ВАШИНГТОН. /NHK/. Сирид гал зогсоох урьдчилсан хэлэлцээрийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой байгууллаа гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв.

Сирид гал зогсоох тухай асуудлыг Лавровтой утсаар хэлэлцэж, гал зогсоох нөхцөлийг урьдчилсан байдлаар тохиролцсон гэж Керри Иордан дахь сэтгүүлчдэд мэдэгджээ.

Мөн тэрбээр, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар удахгүй хэлэлцээ хийж, хэлэлцээрийг эцэслэн батлах байх гэж мэдэгдсэн байна.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам, бид АНУ-тай утсаар гурван үе шатттай хэлэлцээ хийсэн гэж  мэдэгджээ. Талууд гал зогсоох хэлэлцээрийн нөхцөлийг хэлэлцсэн бөгөөд үг дүнгийн талаар хоёр улсын Ерөнхийлөгчид мэдэгдсэн гэж яам мэдэгдэлдээ дурдав.

Өнгөрсөн долоо хоногт багтаан Сири даяар гал зогсооно гэж тохиролцсоныг хэрэгжүүлж, зогсонги байдалд ороод байгаа энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхээр талууд тохиролцсон гэж үзэж байгаа боловч гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх сүүлийн хугацаа дуусаад байна.

Урьдчилсан хэлэлцээрийг АНУ, ОХУ хооронд л байгуулсан гэж Керри мэдэгджээ. Одоо тэд Сирийн сөрөг хүчин болон холбогдох бусад оронтой холбоо тогтоож, хэлэлцээг үргэлжлүүлэх хэрэгтэй.

Сири даяар гал зогсоох дэглэм тогтоох эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ