Хүүхдийн спортын V их наадмын волейболын шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-16 11:31:01

Монголын хүүхдийн спортын V их наадмын волейболын тэмцээний медалийн эзэн болсон шилдэг багууд тодорлоо.

Хөвгүүдийн аваргын алтан медалийг спортын мастер Ж.Мөнхбаяр ахлах дасгалжуулагчтай, СМ О.Наранбаатар туслах дасгалжуулагчтай, Г.Өсөхбаяр ахлагчтай Сэлэнгэ аймаг, мөнгөн медалийг Х.Рэнцэндорж ахлах дасгалжуулагчтай, Т.Доржнамжаа ахлагчтай Өмнөговь аймаг, хүрэл медалийг ОУХМ Д.Солонго ахлах дасгалжуулагчтай, ОУХМ Б.Баатархүрээ, СМ А.Даваажаргал туслах дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг тус тус хүртлээ.

Харин охидын алтан медалийн эздээр СДМ Д. Өлзийхутаг ахлах дасгалжуулагчтай, Г.Ганболд туслах дасгалжуулагч Ч.Ганчимэг ахлагчтай БЗД-ийн баг тодорсон бол, мөнгөн медалийг ахлах дасгалжуулагч /МУГД/ Л.Цэдэнсодном, туслах дасгалжуулагч Б.Баярмаа, С.Будсүрэн багийн ахлагчтай Говьсүмбэр аймаг, хүрэл медалийг Д.Отгонболд ахлах дасгалжуулагчтай Д.Амарсайхан туслах дасгалжуулагчтай, Г.Саранчимэг ахлагчтай Баянхонгор аймгийн охидын баг тус тус шалгарсан байна.

Тэмцээнд оролцсон багуудын шилдэг тамирчдыг МВХ-ны дурсгалын зүйл гардуулав. Мөн Сима клубын нэрэмжит өсөх ирээдүйтэй тамирчнаар Сэлэнгэ аймгийн тоглогч Э.Төгөлдөр, Баянхонгор аймгийн тоглогч С.Булгантамир нар шалгарчээ.

Тэмцээний хаалтын ёслолд ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, ЗБХ-ны дэд дарга Х.Бакытжан, БТСХТ-ийн Нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсийн дарга Ж.Тунгалаг,  МВХ-ны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Ц.Ганзориг, Я.Самбууням, МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд