Эрдэс баялгийн салбар улсын төсвийн 19 хувийг бүрдүүлдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-18 13:05:45

Эрдэс баялгийн салбарын нэр хүнд, өрсөлдөх чадвар, хариуцлагыг нэмэх зорилгоор УУЯ-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

УУЯ 2015 онд Төрөөс Эрчим хүчний баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг хэд хэдэн эрх зүйн шинэлчлэл хийсэн. Энэ нь геологи, уул уурхайн салбарын эрхзүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдэж, аж ахуйн нэгжүүдийн зах зээлд өрсөлдөх нөхцөл бүрдсэн гэдгийг Уул уурхайн сайд Р.Жигжид хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Олон  улсын зах зээлд эрдэс баялгийн түүхий эдийн үнэ уналтад байсан хэдий ч 2015 онд 250 гаруй уурхай, уулын үйлдвэр идэвхтэй ажиллаж, ДНБ-ий 67.2 хувь, экспортын 78.8 хувийг дангаараа бүрдүүлсэн. Оюутолгойн ордын далд уурхайн санхүүжилт, Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл зэрэг эдийн засагт томоохон байр суурь эзлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр улс орны хөгжилд томоохон дэвшил гарсан. Гэвч зам тээвэр, эрчим хүч, усан хангамж зэрэг дэд бүтцийг бүрдүүлэх замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөцийн хангамжийг сайжруулах, хууль бусаар алт олборлогчидтой тэмцэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээв.

Уул уурхайн салбар Монгол Улсын төсвийн 19 хувийг дангаараа бүрдүүлдгээс гадна ажил эрхлэлт, үйлдвэрлэлийн хэмжээгээр эдийн засагт чухал байр суурь эзэлдэг. Монгол улс 20.6 тэрбум тонн нүүрс, 84.1 сая тонн зэс, 1.08 тэрбум тонн төмөр болон 2.4 мянган тонн алт, 332,6 сая тонн газрын тосны нөөцтэй.

Өнгөрсөн онд уул уурхайнн салбар 24.1 сая тонн нүүрс, 14.6 тонн алт, 1.2 сая тонн газрын тос олборлож, 1 сая 477.8 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдэр 5.1 сая тонн, 11.3 тн алт, 14.5 сая тонн нүүрс, газрын тос 1.1 сая тонныг экспортлосон байна. Үүнээс  Ашигт малтмалын газар 49.6 тэрбум төгрөг, Газрын тосны газар 164.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн талаар Уул уурхайн яамнаас мэдээлэв.

Улсын хэмжээнд 54 мянга гаруй гар аргаар алт олборлогч бүртгэгдсэн байна. Мөн зарим аж ахуйн нэгжүүд хуучин уурхайд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр алт олборлосон тохиолдол гарсан талаар УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү илтгэлдээ дурьдав.

Монгол Улсад 350 гаруй уурхай, баяжуулах үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрт 50 мянга гаруй хүн ажиллаж байна. МХЕГ-аас хийсэн судалгаагаар уул уурхайн салбарын ажиллагсад үйлдвэрлэлийн осолд хамгийн их өртсөн гэсэн дүн гарчээ. Сүүлийн 6 жилд уул уурхайн үйлдвэрлэлийн осолд 510 хүн өртсөний гуравны нэг нь нас барж, 49 хүн хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Тиймээс аж ахуйн нэгжүүд Хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар, зөвлөмжийг баримталж, ажилчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломжийг бүрдүүлэх шаардлагатайг Хөдөлмөрийн яамны төлөөлөл хэлж байлаа.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ