АТГ-т 269 төрийн өндөр албан тушаалтан мэдүүлгээ ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-17 10:11:08

Төрийн өндөр албан тушаалтнууд ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ 100 хувь бүртгүүлжээ. 

Авлигатай тэмцэх газраас жил бүр албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хүлээн авдаг. Энэ жилийн хувьд төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн урьдчилсан дүнгээр 39940 мэдүүлэг гаргагч 2015 оны мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлсэн бөгөөд энэ нь 99,7 хувьтай байгаа аж. Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 269 албан тушаалтан бүгд буюу 100 хувь бүртгүүлжээ. 

Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбогдуулан зарим төрийн байгууллагад халаа сэлгээ ихээхэн хийгдсэн, мэдүүлэг гаргах хуулийн хугацаанд сар шинийн өдрүүд давхцсан зэрэг онцлог нөхцөл байдал үүссэн тул Авлигатай тэмцэх газрын албан хаагчид баярын болон амралтын өдрүүдэд ажиллаж, 2015 оны мэдүүлгээ бүртгүүлэх цахим системийн талаар зөвлөгөө, заавар өгч, мэдээлэл арга зүйгээр ханган ажилласан аж. 

Авлигын эсрэг хуульд заасны дагуу холбогдох төрийн байгууллагууд энэ сарын 15-ны өдрөөс хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт тайлан мэдээг ирүүлэх үүрэгтэй бөгөөд гуравдугаар сарын 1-ний өдөр улсын хэмжээнд албан ёсны дүн мэдээг гаргах юм.

Н.Туяа 

 

Холбоотой мэдээ