"Оюутан цэрэг" хөтөлбөр орон нутагт хэрэгжинэ

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2016-02-16 16:46:45

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн санаачилгаар "Оюутан цэрэг" хөтөлбөр 3 дахь жилдээ хэрэгжихэд бэлэн болжээ.

2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан энэ хөтөлбөрт хамарч байсан бол энэ жил дахин 1000 оюутныг хамруулахаар салбарын сайдын тушаал гарсан юм. Өдгөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр БХЯ-ныхан бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жилийн "Оюутан цэрэг" хөтөлбөрт орон нутагт хэрэгжихээрээ онцлог болох юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу  Ховд, Дорнод аймагт энэ хөтөлбөр хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрах боломж нээгдэж байгаа юм.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан 3 дугаар сарын нэгнээс эхлэн бүртгэх юм. Харин хөтөлбөрийн албан ёсны нээлт 3 дугаар сарын 10-нд болохоор товложээ.

Б.Туул

Холбоотой мэдээ