Нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэр байгуулна

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2016-02-16 13:30:23

Нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэрийг Монгол Улсад байгуулах Санамж бичигт өнөөдөр Уул уурхайн яам, Японы Шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн байгууллагын удирдлагууд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг 2013 оноос Монгол Улсад нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон. Уг тохиролцооны хүрээнд “Эрдэнэс Таван Толгой” компани болон Японы “Нагата Инженеринг”  компани хооронд 2013 оны 8 дугаар сарын 13-нд санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн дагуу талууд судалгаа, шинжилгээ, туршилтын ажлууд хийсэн бөгөөд тэдгээрийн үр дүнд үндэслэн туршилтын үйлдвэр байгуулах боломжтой гэж дүгнэсэн юм. Уг дүгнэлтийг үндэслэн жилд 300 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий туршилтын үйлдвэр байгуулах болжээ. Уг үйлдвэрийг 10-35 мм ширхэгтэй нүүрсийг Fluidized bed separator” /FBS/, 0.5-10 мм ширхэгтэй нүүрсийг “Air table” /AT/ төхөөрөмжөөр баяжуулах юм.

Энэхүү технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр усны нөөц хомс говийн бүсэд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой нүүрс баяжуулах шинэ технологийг эзэмших боломж бүрдэнэ хэмээн талууд үзэж байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ