Хуулийн заалтуудыг түдгэлзүүллээ

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2016-02-16 12:51:39

Үндсэн хуулийн цэц Дунд суудлын хуралдаанаараа өчигдөр Цэцийн тухай хуулиудыг хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Цэц хянан хэлэлцсэн юм. 

Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болохоор, Цэцийн гишүүн хууль зөрчснийг шүүхээр биш “эрх бүхий байгууллага”-аас тогтоосон бол эгүүлэн татахаар зохицуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалт,  Цэцийн гишүүний тусгай санал болон хуралдааны тэмдэглэлийн талаарх Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрх, Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байх зарчмыг зөрчсөн, түүнчлэн дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж хуралдаанаар үзэж 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ингэснээр дээрх хуулийн заалтууд хүчингүй болж байгаа бөгөөд УИХ цэцийн уг шийдвэрийг дахин хэлэлцэх болж байгаа юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ