Сирийн “аядуу үзэлт сөрөг хүчний” байрлалд цохилт өгөхөө зогсоохыг уриалав

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-02-15 09:53:09

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “аядуу үзэлт сөрөг хүчин” гэж Вашингтоны эрх баригчдын нэрлэдэг Сирийн босогчдод цохилт өгөхөө зогсоохыг ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай утсаар ярихдаа тус улсад уриалжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“Ерөнхийлөгч Обама хоёрдугаар 11-нд болж өнгөрсөн Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлгийн уулзалтаар хэлэлцэн тохиролцсон шийдвэр, тохиролцоонуудыг хэлэлцэх зорилгоор өчигдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярилаа” гэж Цагаан ордны хэвлэлийн алба онцлон дурджээ. Америкийн засаг захиргааны тэргүүн мөн “Сирийн бүслэгдсэн бүс нутгуудад хүмүүнлэгийн байгууллагуудыг нэвтрэх боломжийг нэн даруй нээх болон тус орон даяар байлдааны ажиллагааг зогсоох зайлшгүй шаардлагатай байгааг” онцлон хэлэхийг хүссэн гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“ОХУ одоо Сирийн аядуу үзэлт сөрөг хүчний эсрэг агаарын ажиллагаагаа зогсоож, оновчтой үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг Ерөнхийлөгч Обама цохон тэмдэглэлээ” гэж Цагаан ордон мэдээлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ