Хуурамч дипломтой хоёр багшийг хуулийн байгууллагад шилжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 21:51:53

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар ЕБС-иудад үзлэг шалгалт хийжээ. Шалгалтанд Өлгий сум болон Улаанхус, Дэлүүн, Бугат сум, Хотгор, Ховд, Чихтэй баг зэрэг хөдөө дэх дунд ба бүрэн дунд, бага сургуулиудын нэлээд хэсэг нь хамрагдсан нь аймгийн хэмжээний ЕБС-иудад сургалт хүмүүжил, түүний орчин ямаршүү байдалтай гэдгийг тодорхойлох боломж олгож байна.

Тэдгээр сургуулиуд зориулалтын хичээлийн байр, дотуур байр, орчин цагийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдаад эхэлсэн, хичээл хэвийн явагдаж байна. Гэвч Хөх хөтлийн сургууль зэрэг зарим нь, голцуу хувийн сургуулиуд кабинет, лабораторигүй, кабинеттэй мөртлөө тэнд хичээл хийдэггүй, Өлгий сумын зургаадугаар бүрэн дунд сургууль стандартын шаардлага хангасан хичээлийн байргүй. Улаанхус, Чихтэй, Бугатад анги дүүрэлт хангалтгүй, сургуулиудын дөчин хувь нь биеийн тамирын талбайгүй, зарим дотуур байр хувцас тавих байргүй, сандал ширээ эс хүрэлцдэг. Техник хэрэгслүүд хүрэлцээ муутай. Зарим багш нар бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлдэггүй. Өлгийн хоёр, зургаадугаар бүрэн дунд, Бессала бага сургуулиуд номын сангүй. Бугат, Бессалад мэргэжлийн бус багш нар ажиллаж байсан байна. Үзлэг шалгалтаар илэрсэн дутагдлын жаран хувийг газар дээр нь арилгуулж, хуурамч дипломтой хоёр багшийг хуулийн байгууллагад шилжүүлэн, сургуулиудыг стандартын шаардлага хангасан байртай болгох, тоног төхөөрөмжөөр хангах талаар аймгийн ЗДТГ-т санал оруулсан байна.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ