Ким Жөн Ун баллистик пуужин харвах явцыг биечлэн ажиглана

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-05 15:44:08

СӨҮЛ. /TASS/. Хоёрдугаар сарын 8-25-ны хооронд товлосон тив алгасагч баллистик пуужин харвах явцыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун биечлэн ажиглана. "Чосон Ильбо" сонинд мэдээлж буйгаар, энэ тухай Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалжийн хэлснээр, Точан-ри хошуунд оршдог полигоныг хиймэл дагуулаас авсан зургуудад хийсэн дүн шинжилгээ хийхэд харвах үйл явцыг ажиглах зориулалттай байрыг гарааны талбайгаас холгүй бэлдсэн нь харагдсан байна. “Үүнээс харахад пуужин харвахад Ким Жөн Ун биечлэн оролцоно гэж таамаглаж болно”  гэж эх сурвалж онцлон хэлжээ.

Хоёрдугаар  сарын 8-25-нд дэлхийг ажиглах хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаагаа Умард Солонгос Олон улсын цахилгаан холбооны нэгдэл /ОУЦХН/ болон Олон улсын далайн байгууллагад /ОУДБ/ мэдэгдсэн тухай хоёрдугаар сарын 2-нд мэдээлсэн байна. “Ажиглалтын хиймэл дагуул хөөргөх гэж байгаагаа мэдэгдсэн захидлыг бид НҮБ-ын дэргэд суугаа Умард Солонгосын байнгын төлөөлөгчөөс авсан” гэж Женевт байрладаг ОУЦХН-ийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Санжай Акария хэлжээ.

Хэвлэлүүдэд мэдээлснээр, тус хоёр байгууллагад өгсөн Пхеньяны мэдэгдэлд зөөгч пуужингийн нислэгийн замын талаарх мэдээлэл байгаа аж. Зөөгч пуужингийн эхний угсраа Өмнөд Солонгосын баруун эргийн ойролцоо Шар тэнгист унах бол хиймэл дагуулын эргэн тойронд суурилуулсан хамгаалалтын дэлгэцийн элементүүд Өмнөд Солонгосын Чежудо арлын бүсэд унах аж. Пуужингийн хоёр дахь угсраа Филиппин улсын эргийн ойролцоо Номхон далайд унах бололтой.

Хэрэв Умард Солонгосын пуужингийн хэсэг нутаг дэвсгэрт нь унахаар бол Сөүл амдан сөнөөнө гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам пүрэв гарагт мэдэгджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ