Орос-Монголын харилцаа хамтын ажиллагаа нь найрамдлын түүх юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-05 00:44:44

Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий Консулын газраас эрхлэн “Оросын дипломат ажилтны өдөр”-ийг тохиолдуулж тус аймаг дахь төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажилладаг сэтгүүлчдийг оролцуулж хэвлэлийн бага хурал хийлээ.Энэ үеэр ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул А.Ц.Доржиевтэй ярилцлаа.

-Юуны өмнө Орос Улсын дипломат ажилтны өдрийг тохиолдуулж Дархан-Уул, Сэлэнгэ аймгийнхандаа баярын мэндчилгээ дэвшүүлье. Жил бүрийн хоёрдугаар сарын 10-нд “Оросын дипломат ажилтны өдөр”-ийг тэмдэглэдэг болохоор бид энэ өдөр баярын мэнд дэвшүүлж хоёр улсын найрамдал хамтын ажиллагааны талаар олон нийтэд мэдээлж хэвлэлийн бага хурал, уулзалт хийдэг байсан. Харин энэ жил яг энэ өдөр нь Монголын цагаан сарын шинийн хоёронд таарч байгаа учраас урьдчилж та бүхэндтэй уулзаж байна.

-Танай улсад дипломат алба хэдийд үүсч бий болсон бэ? Нэлээд эртний үед хамаарах байх даа?

-Тэгэлгүй яахав. Манай Орос улсын дипломатчид бүүр 838 онд Константинополд анханы элчин сайдыг илгээж байсан бол 860 онд Орос Византийн хаант улстай “Эв нэгдэл ба хайрын тухай” нэртэй гэрээнд гарын үсэг зурж байсан. Тэр цагаас хойш Оросын анханы Консулын газар Амстердам, дараа нь Венец, Париж, Венад нээгдсэн бол харин 1861 онд Оросын консулын газар Монгол улсын “Өргөө” буюу өнөөгийн Улаанбаатар хотод нээгдсэн түүхтэй. Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам нь Монголын орчин үеийн түүхэн дэхь хамгийн эртний, хамгийн том дипломат төлөөлөгчийн газар юм. Оросын дипломат үйл ажиллагаа нь олон улсын тавцанд улам бүр эрчимтэй ажиллаж байна.

-Өнгөрсөн онд хийгдсэн онцлог үйл явдлуудаас ярьж өгөөч? Та чухам ямар үйл явдлыг онцолж хэлмээр байна вэ?

-2015 онд бид Зөвлөлтийн ард түмэн Агуу их эх орны 1941-1945 оны дайнд ялсны 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлснийг бид дурсан санаж байна. Энэхүү тэмдэглэлт үйл явдалд зориулж бэлтгэл болон томоохон ажлуудыг зохион байгуулсан. Тухайлбал Алтанбулаг дахь Монголоос дайнд оролцохоор фронтод явсан, Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөөнд цэцэг өргөх ёслолыг Хиагтын ахмад дайчдын оролцоотойгоор зохион байгууллаа. Түүнчлэн Дархан хотын цэрэг, цагдаа хүчний байгууллагуудын цэргийн парадыг хийсэн зэргийг нэрлэж болно. Орос-Монголын уламжлалт найрамдалт хамтын ажиллагааны сарын ажлын хүрээнд Татарстан улсын ардын дуу бүжгийн чуулгын тоглолт Дархан хотод амжилттай болж өнгөрсөн. Эдгээрт манай Ерөнхий Консулын газар бүс нутгийн болон хилийн нөхцөлд төлөөлөгч солилцох ажлыг идэвхтэй гүйцэтгэлээ.

-Буриад улс Монгол улсын Сэлэнгэ аймагтай бүх талаар хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан гэсэн. Энэ талаар тодруулж өгөөч?

-Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатын урилгаар Буриад улсын Тэргүүн В.В.Наговицины Сэлэнгэ аймагт хийсэн айлчлалын үед гадаад эдийн засгийн  хэлхээ холбоог хөгжүүлэх нөхцөл  байдлыг бий болгох чиглэлээр хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцээний дүнд Буриад улс  Сэлэнгэ аймагтай  2015-2016 онд хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурж Буриад болон Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйн байгууллагуудын хамтын ажиллагааны таван протоколд гарын үсэг зурлаа. Талууд “Хиагт - Алтанбулаг”, “Жэлтүр-Зэлтэр” хилийн шалган нэвтрүүлэх цэгийг шинэчлэх ажил, мах болон махан бүтээгдэхүүний экспорт-импортын үеийн мал эмнэлэг эрүүл ахуйн хяналт шалгалтад анхаарал хандуулж ажилласан юм. Дархан болон Сүхбаатарт хотод Оросын хилийн төлөөлөгчид мөн ажилласан. Улан-Үдэ хотын захирагч А.И.Голковын урилгаар Засаг дарга тэргүүтэй Дархан-Уул аймгийн төлөөлөгчид эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт оролцсон. Монгол улсын Сэлэнгэ аймагтай хиллэдэг Буриадын Зэд мужийн Петропавловк сууринд Буриад, Монголын “Эв мод”-ны баяр нөхөрлөг найрсаг уур амьсгалд болж өнгөрсөн юм. Энэ үйл ажиллагаанд зөвхөн Сэлэнгэ аймгийн төдийгүй Дархан-Уул, Булган, Завхан аймгийн 160 орчим Монгол иргэд түүнчлэн Хиагт, Буриадын Сэлэнгийский районы төлөөлөгчид оролцсон томоохон үйл явдал болж өнгөрсөн.

-Та Оросын дипломат ажилтны өдөр”-ийг тохиолдуулж нэмж хэлмээр юу байна. Яг энэ өдрийг хүрээнд ямар ажлууд зохион байгуулдаг вэ?

-Бидний хувьд Дипломат ажилтны өдөр нь зөвхөн баяр төдийгүй өнгөрсөн оны ажлаа дүгнэж ирээдүйд хийх ажлаа төлөвлөх үе байдаг. Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 95 жилийн ой тохиож байгаа ба 1921 оны 11 дүгээр сарын тавны өдөр ЗХУ болон Монгол улсын хооронд тогтоосон найрсаг харилцааны гэрээнд гарын үсэг зурсан нь Монгол улсын хувьд улс төрийн чухал ач холбогдол бүхий үйл явдал болсон гэж цохон тэмдэглэхийг хүсч байна. Гэрээний 1-р бүлэгт ЗСБНХОУ-н Засгийн газар, Монгол улсын Ардын Засгийн газрыг хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн цорын ганц засгийн газар байлаа гэсэн бол гэрээний 4-р бүлэгт зааснаар өөрийн бүрэн эрхт төлөөлөгчдийг Монголын нийслэлд мөн Ховд, Улиастай, Алтанбулаг ба бусад хотуудад өөрийн консулыг Монгол улсын Ардын Засгийн Газартай тохиролцон илгээсэн байдаг. Тус гэрээний 5-р бүлэгт зааснаар Монголын талд бас энэхүү эрх  тусгагдсан. Ингэж Орос улс Монгол орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс болсон юм. Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудал Хятадын талд боломжгүй байлаа. Ялтын 1945 оны хоёрдугаар сарын 4-11-ны бага хурлын шийдвэрийг биелүүлж ЗХУ нь 1945 оны наймдугаар сард Хятад улсаар Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Түүнчлэн ЗХУ-ын дэмжлэгтэйгээр 1961 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Монгол улс НҮБ-д элссэн юм. Орчин үеийн Орос-Монголын харилцаа 1993 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд суурилан явагдаж байна.

-Танай Ерөнхий Консулын газар нь Дархан хотод байрлаж Дархан-Сэлэнгийн бүс нутагт хоёр улсын найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэж ажилладаг. Тиймээс энэ бүс нутагт өнгөрсөн онд хийгдсэн зарим нэг гол ажлаас дурдвал?

-Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий Консулын газар нь бүс нутаг, хил орчмын Орос-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэдэг. Дархан-Уул, Сэлэнгэ аймаг болон Буриад Улсын харилцаа эрчимтэй хөгжиж байна. Дархан хотын нэг гудамжийг Улан-Үдэ хотын нэрээр нэрлэж, Буриад Улсын нийслэлийн сүлдийг дүрсэлсэн самбар байрлуулсан. ОХУ-ын Буриад улс Дархан-Уул, Сэлэнгэ  аймагт ах дүү найрамдалт харилцаанд суурилсан хамтын ажиллагааны хүрээнд олон ажил хийгдсэнээс дурьдвал: Зэлтэрийн шалган нэвтрүүлэх боомтын бүтээн байгуулалтын ажил ид өрнөсөн, Дарханы Дулааны Цахилгаан станцад Оросын “АСЕН” компани 35 мВт-ын хүчин чадалтай шинэ тавдугаар цахилгаан блок суурилуулж байна, Оросын Ерөнхий Консулын урилгаар ОХУ-ын Гавъяат дасгалжуулагчдын удирдсан байт сурын харвааны мастер ангиллын сургалт Дарханд явагдсан, Мөн Дархан хотын “Жигүүр” цогцолбор сургуулийн хамт олон “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг”-т элссэн.

-Хоёр улс визгүй зорчих болсноос хойш ямар өөрчлөлт орсон гэж та үзэж байна вэ?

-ОХУ, Монгол улсын харилцан визгүй зорчих горимыг сэргээсний дараа “Хиагт-Алтанбулаг”-ийн шалган нэвтрүүлэх цэгээр өнгөрөх зорчигчдын тоо 17-20 хувь нэмэгдсэн. Хоногт 1000 машин хилээр нэвтрүүлэхээр Хиагтын шалган нэвтрүүлэх цэгийг өргөтгөх ажил хийгдэж байна.-Энэ онд найрамдалт харилцаа тогтоосны түүхэн ой тохиох юм байна. Чухам ямар ямар үйл явдал болох вэ?-Ой энэ оны 11 дүгээр сард болох учраас манай улсын Элчин сайдын яам, Монгол улсын ГХЯ-тай хамтарч хэд хэдэн томоохон ажил хийхээр төлөвлөж байгаа. Тухайлбал: Санкт Петрбург хотод “Орос-Монголын соёлын өдрүүд” болно. Энэ үеэр хоёр улсын харилцаатай холбоотой уулзалт, ярилцлага зохиогдоно. Улаанбаатар хотод түүхэн харилцаатай холбоотой баримт бичгүүдийг нийтэд дэлгэж үзүүлэх ажил төлөвлөгдсөн. “Алтаргана-2016” наадам Улаан-Үд хотод болно үүнд Монголын төлөөлөгчид оролцоно. Хоёр улсын сансарын нислэгийн 35 жилийн ой тохиож байгаа учраас хамтарч тэмдэглэх хүрээнд ОХУ-аас сансарын нисэгчид Монгол улсад ирнэ. Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг Монгол улсын томоохон хотууд болон ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотуудад олон ажил зохион байгуулагдана. Эдгээр ажлууд цувралаар явагдах учир заримынх нь тов удахгүй тодорхой болно.

-Энэ үеэр танай Консулын газар бүс нутагт ямар ажил зохион байгуулах вэ?

-Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн удирдлага, хоёр улсын цаг үеийн шалгуурыг давсан найрамдалт харилцааг хөгжүүлэхэд анхаарч байгааг өндрөөр үнэлж байна. Энэ хоёр аймгийн засаг захиргаатай хамтарч нийгмийн өргөн хүрээнд хоёр улсын найрамдал хамтын ажиллагааны 95 жилийн ой угтаж олон түмнийг хамарсан баярын үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байна. Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий Консулын газар буюу манай хамт олны өмнөө тавьсан зорилт нь Орос-Монголын найрамдал хамтын ажиллагааг бүх чиглэлд ойртуулах явдал гэдгийг онцолмоор байна” гэв. Тэрбээр тус Ерөнхий Консулын газраас хийж байгаа ажлыг олон нийтэд сурталчилж хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд сэтгүүлчдийг хамтарч ажиллахыг хүслээ.

                               Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ