Цукерберг хөрөнгөөрөө дэлхийд дөрөвт жагсаж байна

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-04 13:56:41

МОСКВА. /Interfax/. Компанийнх нь дөрөвдүгээр улирлын тайланг нийтэлсний дараа болон хувьцааных нь ханш өссөний дараа “Facebook” нийгмийн сүлжээг үндэслэгч Марк Цукерберг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад дөрөвдүгээрт орсон тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

Цукербергийн хөрөнгө 50 тэрбум доллароор үнэлэгдэж байна. Энэ үзүүлэлтээр тэрбээр “Amazon”-ы тэргүүн Жефф Безос, “Movil SAB” компанийн тэргүүн Карлос Слим нарыг гүйцэж түрүүлжээ. 49.1 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй Жефф Бекос он гарснаас хойш 10.6 тэрбум доллароор  алдсан бол хөрөнгө нь 49 тэрбум доллароор үнэлэгдсэн Карлос Слим 3.3 тэрбум долларын алдагдалтай ажиллажээ.

“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, Испанийн жижиглэнгийн худалдааны “Inditex” компанийн тэргүүн Амансио Ортега, хөрөнгө оруулагч Уоррен Баффет нар дэлхийн хамгийн баян гурван хүнд тооцогдож байна.

Цукерберг уг жагсаалтын дээгүүрт орж байгаа хүмүүсээс он гарснаас хойш хөрөнгийнх нь хэмжээ нь нэмэгдсэн цорын ганц хүн болохыг онцолж байна. “Facebook”-ийн хувьцааны ханш энэ онд 9.5 хувиар өсчээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ