Хаврын уралдааныг цуцлах мэдэгдэл хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 10:58:53

Морин спорт уяачдын холбооноос Баянхонгор аймагт болох хаврын уралдааны товыг саяхан зарласан. Гэвч аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс хамтран “Өвөл, хаврын морины уралдааныг хориглох тухай” мэдэгдэлийг Баянхонгор аймаг, сумын Морин спорт, уяачдын холбоо, сумдын Засаг дарга нарт хүргүүлжээ.

Дээрх товоор бол энэ оны 3 дугаар сарын 5-нд говь, төв, хангайн бүсийн уралдаанууд, 3 дугаар сарын 11-нд “Номгон хайрханы хурд” уралдаан болох юм.

Аймгийн засаг даргын 2015 оны 164 дүгээр захирамжаар хурдан морины уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгааг жил бүрийн 02.01-05.01 хүртэлх хугацаанд зохион байгуулах, оролцохыг хориглосон тул шийдвэрийг биелүүлж ажиллахыг тус байгууллагаас шаардсан байна. Мөн мэдэгдэлд “Баянхонгор аймгийн Морин спорт уяачдын холбооноос морьдын уралдааныг зохион байгуулах үед морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн ажил учир дутагдалтай байдаг бөгөөд морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах MNS 6264:2011 стандартыг биелүүлдэггүй, морь унаач хүүхэд болон морины эзэн, эцэг эхийн хооронд гурвалсан гэрээ байгуулдаггүй зөрчлүүд хяналт шалгалтын явцад нийтлэг илэрдэг” гэдгийг онцолжээ.

Аймаг, сумдын уяачдын холбооноос 2015 онд зохион явуулсан өвөл, хаврын хурдан морины уралдааны үеэр хүүхдүүд осгож хөлдөх, ил эрхтэнүүд хайрагдах, мориноос унаж бэртэх гэмтэх зэрэг эрсдлүүд ихээр гарсныг мөн дурджээ. Тодруулбал, өнгөрсөн онд болсон аймаг, сумдын наадмуудад морин уралдааны замд 2 хүүхэд амь насаа алдаж, 5 хүүхэд хүндэвтэр, 42 хүүхэд хөнгөн бэртсэн байна. Тиймээс энэ оны хавар зохион байгуулахаар зарлагдсан морины уралдаануудыг цуцлах шаардлагатай хэмээн дээрх байгууллагууд ийнхүү мэдэгдэл гаргажээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ