Их Британийн ЕХ-н дахь гишүүнчлэлийн асуудлаарх хэлэлцээг нэг хоногоор сунгав

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-02-01 10:20:36

ЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийн Европын Холбоон дахь /ЕХ/ гишүүнчлэлийн нөхцөлийг зөвшилцөх үйл явцыг Их Британи болон ЕХ 24 цагаар сунгахаар болжээ. Үүнээс өмнө Их Британийн тавьж буй шаардлагуудын дэлгэрэнгүй жагсаалтыг нийтэлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгджээ.

“Европын Зөвлөлийн даргатай хийсэн уулзалт амжилттай болсон. Тэрбээр Их Британийн тавьж буй шаардлагуудын жагсаалтыг нийтэлсний дараа хэлэлцээг дахин 24 цагаар сунгахыг зөвшөөрсөн” гэж Кэмерон Европын Зөвлөлийн дарга Дональд Тусктай уулзсаныхаа дараа “Twitter” сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.

Туск, Кэмерон хоёр ням гарагт Их Британийн Ерөнхий сайдын Лондон хот дахь өргөөнд хоёр цаг орчим ярилцжээ. Уулзалтын дараа Туск “ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй” гэснээс өөр ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Кэмерон Тусктай хийх уулзалтыг ЕХ-ны хэдийн боловсруулж эхэлсэн Европын дотоодын хөдөлмөрийн цагаачдад нийгмийн тэтгэмж авахыг хязгаарласан хөтөлбөрийн нөхцөлийг чангатгах зэрэг тус холбоонд тавих шинэ шаардлагуудыг танилцуулахад ашиглана гэж Их Британийн сайд нарын танхимын өндөр албан тушаалын түшмэл ням гарагийн өдөр мэдээлжээ.

Их Британийн ЕХ-н дахь гишүүнчлэлийн нөхцөлийг өөрчлөх тухай тус холбоотой хийж буй хэлэлцээний хүрээнд Кэмерон ЕХ-ны орнуудаас ирсэн цагаачдад ирснээс нь хойших эхний дөрвөн жилд нийгмийн тэтгэмж олгохгүй байх эрхийг Их Британид олгохыг шаардаж байгаа юм. Ийм байдлаар тэрбээр Их Британийн нийгмийн тогтолцооны үр шимийг ашиглагч цагаачдын тоог бууруулахыг зорьж байгаа аж. Харин ЕХ тус улсын энэ хувилбартай санал нэгдэхгүй байгаа боловч цагаачдын хувьд илүү зөөлөн арга хэмжээ авахыг санал болгосон байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ