Улаан буудайн тариалалтын тавин мянган га талбайд ургац алджээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2015-09-14 17:47:05

Энэ жил газар тарианлангийн бүс нутаг гандуу зуссанаас болж 50 мянган га талбайд ургац алдаж, ургацын урьдчилсан балансаар нийт талбайн 77 хувьд  хураалт хийх бол  авах хэмжээ   53.7 хувьтай байхаар байна. Төв аймгийн Жаргалант суманд 500 га – д улаан буудай тарьсан Алтан залаа компани мөн ялгаагүй бүрэн ургац хураах боломжгүйд ургацынхаа 30-40 хувийг алджээ. Эднийхээс бага талбайд тариалалт хийсэн зарим аж ахуйн нэгжүүд ургац алдаж 50 хувь авахтай үгүйтэй байдалд орсон бол ургацаа тэр чигт нь алдсан газар ч бий гэнэ.

Тариаланчид үргэлж байгальтайгаа харьцдаг малчид шиг цаг агаарын төлөв байдлыг шинжих боломжгүй нь тэдний улирлын ажлын онцлогтой холбоотой. Тиймээс төвөөс мэдээллэх цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй уялдуулж тариалалтай зохицуулдаг нь тариаланчдын хувьд хариуцлагатай шийдвэр бөгөөд энэ жил тариалалтын үеэр цаг агаар тогтуун байх урьдчилсан мэдээг авсан байна.

Төө хирийн болцтой ургадаг тариан түрүү эдний  талбайд дөнгөж сөөм хүрчээ. Өдийд шаргалтан шаагиж байдаг тариа зарим талбайдаа ногооноороо байна. Гэсэн ч улсын хэмжээнд ургац хураалт 10-р сарын 15 нд дуусахаар төлөвлөсөн учраас ангилан хадалтаа эхэлжээ. Болц гүйцээгүй тариагаа малын тэжээлт боохоор болсон гэнэ. Ихэнх тариаланчид шатахууны болон техникийн зээлтэй. Байгалийн гэнэтийн өөрчлөлтөөс болж ургац алдаж байгаа тул зээлээ төлөхөд эдийн засгийн хувьд хүнд байдалтай тулж байгаа юм.

Энэ жил Монгол улс гурилынхаа дотоод хэрэгцээнд шаардлагатай 360 мянган тонн улаан буудайг хураан авах боломжгүйд хүрч гаднаас 106,4 мянган тонн улаан буудай авах дээрээ тулчихаад байгаа бол байгалийн гэнэтийн бэрхшээлээс болж ургацаа алдаж байгаа тариаланчид шатахуун, техникийнхээ зээлийг төлж чадахааргүй байдалд орж байна. Голоос хол эсвэл жижиг голтой ойролцоо тариан талбайд усжуулалт хийх ямар боломжгүй, байгалийн усыг хурааж усжуулах технологи нэвтрүүлэе гэвч жигд хүрэлцдэггүй зэрэг амаргүй  хүчин зүйлүүд тулгардаг байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд